Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 22-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штаб долоо хоног бүрийн бямба гаригт хуралдаж буй. Үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Шуурхай штабын хоёр удаагийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгаж, хэрэгжилтийн үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд тус тус даалгалаа.