Налайх дүүрэгт менингококкын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор өнөөдөр /2025.01.30/ Налайх дүүргийн онцгой комисс, Дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл хийлээ.
"Өчигдөр өглөө 8:30 маш өндөр халууралттай 3 нас 7 сартай эрэгтэй хүүхэд Налайх дүүргийн "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ өгснөөр 17 цагт шинжилгээний хариугаар менингит болох нь тогтоогдсон. Хүүхэд 28-ны шөнө халуурч хоносон бөгөөд өглөө биеэр нь тууралт гарсан. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа ба хордлого ихтэй. ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд хоносон."
Өвчний нууц хугацаа 2-7 хоног байдаг. Тиймээс тухайн гурван байгууллага дээр 10 хоногийн хугацаанд хорио тогтоож хичээл сургуулийг хаажээ.
Налайх дүүргийнхэн эрсдэлт бүлгийн ойрын болон холын хавьтлуудыг бүртгэж дууссан ба сэжигтэй тохиолдол одоогийн байдлаар гараагүй байна. Мөн 24 цагийн дотор 41 боловсролын байгууллагад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.
Хүүгийн явж байсан цэцэрлэг мөн цэцэрлэгийн байранд байдаг 160-р сургууль, тухайн хүүхдийн эгчийн сургууль гэсэн гурван байгууллагыг тусгаарлалтад авсан.
Өвчний нууц хугацаа 2-7 хоног байдаг. Тиймээс тухайн гурван байгууллага дээр 10 хоногийн хугацаанд хорио тогтоож хичээл сургуулийг хаажээ. Тохиолдол нэмэгдэн гарч ирвэл бүх сургууль цэцэрлэг боловсролын байгууллагуудыг хаах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
"Хүүхэд тань гэнэт өндөр халуурвал цэцэрлэг, сургуульд нь огт явуулалгүй дүүргийн юм уу өрхийн эмнэлэгт заавал үзүүлж оношоо тодруулаарай.
Менингококкын халдвар нь богино хугацаанд хурдан хүндэрдэг аюултай өвчин тул бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд халууны шилээ ойрхон байлгаж өндөр халуурвал биед нь тууралт гарсан эсэхийг шалгаарай. Тууралт нь доод мөчдөөс эхэлж гардаг ба гэрэлд мэдрэг, ноомой болох шинж тэмдэг илэрнэ" гэж зөвлөлөө.