Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ЭМЯ болон харьяа байгууллагын удирдлагууд энэ долоо хоногт орон нутагт ажиллаж байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн хүрч буй болон ЭМЯ-наас хэрэгжүүлэх бодлого, Улаанбаатар хотын болон орон нутгийн эмнэлгүүдтэй хэрхэн уялдаа холбоотой ажиллах зэрэг тодорхой бодлого, шийдвэр, асуудлуудын хүрээнд Увс аймагт өчигдөр ажиллав.
Энэ удаад Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн “Үндэсний баг”-ийн Хавдрын хими эмчилгээний эмч нар нийт 98 удаагийн үзлэг хийн, хими бай эмчилгээний 17 асуудал шийдвэрлэж, хавдрын 6 шинэ тохиолдол илрүүлжээ.
Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн төвлөрсөн тусламж үйлчилгээг орон нутаг руу чиглүүлэх бодлогын хүрээнд “Төвлөрлийг сааруулах” бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүний зорилтот алхмуудын нэг нь аймгуудын БОЭТ болон Нэгдсэн эмнэлгүүдэд “Үндэсний баг” ажиллаж мэс засал, үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх, тухайн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд онол практикийн сургалт хийх зарчмаар ажиллаж байна.
Ингэснээр орон нутгийн иргэд заавал Улаанбаатар хотыг зорьж лавлагаа шатлалын эмнэлгээр үйлчлүүлж хүлээгдэл чирэгдэл үүсгэх, санхүүгийн дарамтад өртөх, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдаж авах зэргийг шийдвэрлэх боломж бүрдэх юм.