Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “2025 оныг нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангахаар Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Тус штабын хурал бямба гариг бүр болж, хурлаар өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулан хэлэлцүүлж буй.
Шуурхай штабын IV хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүрэг даалгавар, түүний хэрэгжилтийн тайланг тухай бүр системд тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Шуурхай штабын IV хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 01-ний бямба гаригт болж шуурхай штабын өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам, Нийслэлийн зах, худалдааны төвүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэх ажлын талаар, Улаанбаатар хотын 2030 ерөнхий төлөвлөгөөний тухай, Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдал болон тулгамдсан асуудал шугам сүлжээний талаар, Хиймэл оюун ухаан ашиглан илрүүлж хариуцлага тооцуулах, камерын бүртгэлийн системийн хяналт болон нийтийн тээврийн хяналтын тухай, Хүннү хотын төлөвлөлтийн талаарх танилцуулга, Нийслэлийн гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр хангах загвар төслийн талаарх танилцуулгыг тус тус хэлэлцсэн байна.