Бидний хайрт найз, чадварлаг сэтгүүлч Ж.Болорхажид 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр өвчний учир таалал төгсөж, бид бүхэнд үгээр хэлэмгүй уй гашуу тохиолоо. Э.Болорхажид нь Монголын сэтгүүлзүйн салбарт 21 жил ажилласан, тэр дундаа эдийн засаг, уул уурхайн чиглэлээр чанартай, чансаатай олон зуун бүтээл туурвин олон түмний хүртээл болгосон авъяаслаг, билэг төгөлдөр, ур чадвараараа манлайлагч нэгэн байлаа. Ж.Болорхажид Shuud.mn сайтад сэтгүүлч, тоймчоор ажиллаж байсан бөгөөд хамт олондоо эелдэг, дөлгөөн, ур чадварын үлгэр дууриалал болсон нэгэн байлаа. Түүний анализ хийсэн нийтлэл, сурвалжилга, ярилцлагууд нь мэдээллийн сайтууд дахь эдийн засгийн чиглэлийн сэтгүүл зүйн бүтээлүүдээс үргэлж ялгарч, уншигчдын талархалыг хүлээсэн сор бүтээл болж байсан бөгөөд Монголын сайтын холбооны “Best pen” шагнал, Хэвлэл, мэдээллийн тэргүүний сэтгүүлч, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Ган үзэг”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, "Web Awards-2019" наадмын “Сайтын шилдэг сэтгүүлч” шагналаар тус тус шагнагдаж байсан. Эрхэм андын минь хүнлэг энэрэнгүй, ажилч хичээнгүй, эелдэг нийтэч зан чанар, халуун дотно инээмсэглэл, энгийн даруу төрх нь хамтран ажиллагсад болон найз нөхөд бидний зүрх сэтгэлд мөнхөд хоногшин үлдэх болно. Талийгаачийнхаа хань, үр хүүхэд, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. SHUUD.MN САЙТАД ХАМТ АЖИЛЛАЖ БАЙСАН НАЙЗ НӨХӨД, ХАМТ ОЛНООС НЬ