Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар энэ сарын 13, 14-нд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Уг айлчлал нь энэ онд тохиож байгаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Польш улсад 12 жилийн дараа хийх айлчлал юм. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийхээс гадна хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзах аж.
Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форумыг зохион байгуулах юм байна.