Монгол Улсын Хөгжлийн Банкны өр төлбөрт хураан авсан "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын зарим байрыг өөрийн өмч мэтээр иргэдэд ойлгуулж, хямдаар санал болгон бусдыг залилахыг завдсан үйлдэл удаа дараа гарсан.
Тэгвэл өнөөдөр тус хэргийн хохирогчид сэтгүүлчдэд хандлаа. Хохирогчид Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-ны мэргэжилтэн асан Ш.Энхжаргалыг энэ хэргийн гол хүн гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Тэд "Талийгаач Ш.Энхжаргал нь ХЗДХЯ-нд олон жил ажилласан мэргэжилтэн. Иймэрхүү луйврын хэрэг нэг, хоёроор тогтохгүй олон холбогдогчтой байдаг. Тиймээс хардах эрхийнхээ хүрээнд улс төрийн нөлөөтэй, том бүлэглэлүүд оролцсон гэж үзэж байна.
Учир нь 2017 оноос хойш Ш.Энхжаргалын хийсэн хэргүүд сөхөгдөж эхэлсэн. Яагаад гэвэл тэр үед түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үеэс хууль, хяналтын байгууллагын хүмүүсийн нүдэн дээр нь иргэдийг хохироож байхад ямар ч хяналт тавиагүй.
Энэ асуудлаар огт мэдээгүй гэсэн албан тоот, бичиг гаргаж үзүүлдэг. Гэхдээ доор нь ажиллаж байгаа мэргэжилтэн нь ийм луйврын пирамид үүсгэж байхад удирдлагууд нь мэдэхгүй байх үндэслэл харагдахгүй байна.
Нийслэлийн Орон Сууц Корпорац (НОСК), Төрийн Орон Сууцны Корпорац (ТОСК) зэрэг байгууллагад ийм луйврын хэрэг цэцэглэж байхад эрх бүхий байгууллагаар шалгуулах, таслан зогсоох арга хэмжээг авах ёстой байсан ч энэ үүргээ хангалттай гүйцэтгээгүй.
Энэ хэрэгт "Шинэ Яармаг" хорооллын удирдлагууд ч бас оролцсон байж болзошгүй. Мөнгө ул мөрөө үлдээдэг. Хууль хяналтынхан энэ хэргийг яаралтай шалгаж, иргэдийн хохирлыг барагдуулахыг шаардаж байна.
Уг хэргийн ард НОСК, ТОСК, хууль хяналтынхан болон улс төрчид гээд гэмт бүлэглэлүүд байна гэж хардаж байгаагаа илэрхийлье.
Ш.Энхжаргал нь өөрийн хамсаатан иргэн М-ийн данснаас өөрийн нөхөр болох улсын харцага Н.Батзаяагийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлдэг байсан баримт бий. Одоо хэн мөнгөнийхөө араас явж байна түүнийг Н.Батзаяа дарамталдаг.
Энэ хэрэгт хохирсон иргэд сошиал групп нээгээд хамтраад мэдээлэл солилцоод явахаар 9919-5444 дугаараас ярьж дарамталдаг. Эрэгтэй, эмэгтэй хамаагүй хохирсон иргэдийг нэг нэгээр нь дарамталж, айлгаж сүрдүүлдэг. Үүний улмаас өнөөдөр ирэх ёстой байсан нэг хүн ирж чадаагүй. Хүний амь насанд заналхийлдэг энэ үйлдлийг нь бид хуулийн байгууллагад мэдэгдсэн ч хэргийг шалгадаггүй.
Ш.Энхжаргал нь зөвхөн "Шинэ Яармаг" хороололд луйвар хийгээгүй. Өмнө нь "Tuul One" хорооллын иргэдийг олноор нь хохироосон. Тухайн үед байранд орсон хүмүүс бүгд хөөгдсөн байна. Учир нь бүх байранд түрээсийн гэрээ хийж оруулсан байдаг. Энэ асуудалд REMAX-ийнхан хүртэл холбоотой байсан.
Тиймээс энэ хэргийн ард улс төрийн нөлөө бүхий хүмүүс байсан гэж үзэж байгаа.
Хөгжлийн Банкны ₮33 тэрбумын барьцаанд байсан "Шинэ Яармаг" хорооллын байрнуудыг барьцаанаас суллахын тулд гэрээ хийлгүйгээр, бусдын эмзэг байдалд дөрөөлж, хууль зүйн мэдлэг хомс байдлыг ашиглан анхнаасаа нарийн төлөвлөж, гүйцэтгээд эцэстээ гэрчийг устгасан байж болзошгүй гэж бид хардаж байна.
Иймд хохирогчид гурван шаардлага тавьж байна. Үүнд: ХЗДХЯ-ны сайд О.Алтангэрэлд хандахад Авлигатай Тэмцэх Газар (АТГ) болон Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-аас бүрдсэн Ажлын хэсгийг яаралтай байгуулах,
Орон сууц захиалсан гэх луйврын хэрэг орон нутаг, нийслэлийн 9 дүүрэг гээд олон иргэд байгаа тул УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандахад нээлттэй сонсгол хийхийг шаардаж байна,
Улсын Ерөнхий Прокурорт хандахад уг хэргийг улсын мөрдөн байцаах алба руу шилжүүлж, туршлагатай 10 мөрдөн байцаагч томилж өгнө үү.
Бид сэтгүүлчдэд хандсан гол шалтгаан бол өнөөдөр ч гэсэн энэ хэргийн ард байгаа хүмүүс луйврын хэргээ үргэлжлүүлж байж болзошгүй байна. Өнөөдөр ч гэсэн таны ойр дотны хэн нэгэн хүн ах, эгч, найз нөхөд, танилдаа итгээд ийм хэргийн хохирогч болж байж магадгүйг үгүйсгэхгүй.
Тиймээс ийм хүмүүст битгий итгээрэй. Иргэдийг энэ хүмүүс яаж олзолж авдаг вэ гэвэл найз нөхөд, ажлын хүрээлэлд хэргийн хамсаатнаа нэвтрүүлдэг. Тэднийгээ бүр найз болгож дотно итгэлийг нь олж аваад дараа нь зохион байгуулалттайгаар луйврын хэргээ хийдэг болохыг сануулъя.
Мөн шинээр байр авах гэж байгаа бол улсын бүртгэлээс өмчлөлийн эзнийг нь шалгаж байх, заавал хууль ёсны байгууллагад хандаж, гэрээ байгуулсны дараа мөнгөө шилжүүлж байхыг анхааруулмаар байна" гэв.
Жич: Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав