Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргоос 32-ийн тойрог явах зам дагуу нүүрний эгнээнд байрлаж байсан хоёрдогч түүхий эд худалдан авч, борлуулдаг цэгүүдийг чөлөөлжээ.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ногооннуурын 1,008 орон сууц болон түүний наад талын төрийн албан хаагчдын 400 айлын орон сууцны барилга зургаадугаар сард ашиглалтад орно. Эдгээр орон сууцны талбайгаас нэг километр орчмын зайд хоёрдогч түүхий эд авах цэг, автомашин засвар, тос солих газрууд байгаа юм. Нийтийн эзэмшлийн зам талбай дээр түүхий эд, хог хаягдал авч, тос асгах нь Улаанбаатар хотын төлөвлөлт биш.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөлтийн дагуу тухайн хороолол, нэгж талбарыг хэсэгчилсэн байдлаар хөгжүүлэх ёстой. Энэ жил 40 гаруй байршилд газар чөлөөлөлт хийгдэх бөгөөд эхний газар чөлөөлөлтийн ажил явагдаж байгаа ч зарим айлтай зөвшилцөлд хүрэхгүй байна. Зах зээлийн өнөөгийн жишигт нийцсэн байдлаар ойлголцолд хүрч, газраа чөлөөлөхийг уриалж байна.
Чөлөөлсөн газрыг барилгын компаниудад өгнө. Ингэхдээ барилгын компаниудыг өрсөлдүүлж дуудлага худалдаа маягаар өгнө. Барилгын компани нь ашигтай талбайн 20%-тай тэнцэх үнийн дүнд орон сууц өгнө. Тэрхүү орон сууцыг НОСК-аар дамжуулж худалдан борлуулж, гэр хорооллын дараагийн айл орон сууц худалдан авах сан бүрдүүлэхээр ажиллаж байна.
Ногооннуурын 1,008 орон сууцыг худалдан борлуулсан мөнгөөр Дэнжийн мянгын айлуудын газрыг худалдаж аваад инженерийн шугам сүлжээг холбох, хорооллын дундах сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийг хийж барилгын компаниудад өгнө. Барилгын компаниуд баригдсан барилгынхаа ашигтай талбайн тодорхой хувьд орон сууц өгөх маягаар гэр хорооллыг орон сууцжуулна.
Чингэлтэй дүүргийн хэд хэдэн байршилд газар чөлөөлөлтийг дээрх байдлаар хийхээр төлөвлөж байгаа.
Хашаандаа сайхан амьдаръя гэдэг нь бодит амьдралтай нийцэхгүй" гэв.