Үндэсний бичиг үсгийн баярт зориулан Монгол Улсын үндэсний номын сангаас уламжлал болгон зохион байгуулж буй "Монгол бичгийн цахим бичвэр-IV" улсын уралдаан энэ сарын 25-нд болно.
Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос эхлэн төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулж байгаа бөгөөд албан хэргийг үндэсний бичгээр хөтлөн явуулах үндэс нь цахим бичвэр боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлтгэх юм.
Иймд тус улсын уралдаанаар дамжуулан монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгээр цахим бичвэр боловсруулах чадавхтай мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх зорилготой аж.
Уралдааныг мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн ангиллаар компьютерт юникодын болон юникодын бус фонтоор бичих журмаар танхим болон цахимаар зохион байгуулж, шалгарсан шилдэг оролцогчдод шагналыг Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Үндэсний номын санд гардуулах юм.
Ташрамд дурдахад, Үндэсний бичиг соёл, номын өдрүүд тавдугаар сарын 17-нд болно.