Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Авто зам ашигласны төлбөр гэдэг нь Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгсэл жолоодож байгаа иргэдээс авч байгаа зам засахад шаардлагатай хөрөнгийн хураамж гэсэн үг. Уг төлбөр нь Нийслэлийн Замын Санд төвлөрдөг. Замын санд авто зам ашигласны төлбөр гэж 67-70 орчим тэрбум төвлөрч байгаа. Эдгээр төлбөрийг зам засвар, гэрлэн дохионы засвар, хайс, тэмдэглэгээ хийх, шинээр баригдах замын бүтээн байгуулалтад зарцуулагддаг.
2013 онд анх авто зам ашигласны хураамж авах тухай тогтоол батлагдсан. Үүнээс хойш 2025 он хүртэл 12 жилийн хугацаанд авто зам ашигласны төлбөрийг гурван удаа нэмэх гэж НИТХ-аар хэлэлцүүлж, баталсан ч долоо хонохгүй цуцлагдаж байсан. Энэ удаад авто зам ашигласны хураамжийг нэмэх тогтоолыг НИТХ-аар баталсан.
Өнгөрсөн хугацаанд нийт авто замын сүлжээний 1.5%-ийг засах чадамжтай байсан. Үлдсэн хувийн авто замыг засахгүй 10 жил болж, ашиглалтын хугацаа дуусаж байгаа гэсэн үг.
Дэлхийн Банк, ЖАЙКА-гийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын нийт авто замын 82.2% нь чанарын индекст хүрэхгүй байна. Зайлшгүй засах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан.
Тооцоолол хийхэд эдгээр замыг засахад 250-270 тэрбум төгрөг Замын санд төвлөрүүлэх шаардлага гарч, авто зам ашигласны төлбөрийг нэмэх саналаа өгсөн юм.
Үнэт цаас, бонд гаргаж замын засварт зарцуулах нь автомашингүй иргэдийн татварын мөнгөөр замаа засаад байна гэсэн үг. Авто замыг тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглаж байгаа. Жолооч нар авто зам ашигласны төлбөрөө төлж, Замын санд төвлөрүүлснээр замаа засах ёстой. Ийм нөхцөл байдалтай учир 2024 онд авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн" гэж тайлбарлалаа.
Тэрбээр "Манай улстай ДНБ-ээрээ төстэй Мальта, Молдав зэрэг улсад авто зам ашигласны төлбөрт 500 ам.долларыг төлдөг" хэмээн жишээ татав.