fitness
  • 322 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-10-01

Ярилцсан Т.Өнөрсайхан

МУИС-ийн дэд профессор, доктор /Ph.D/, сэтгүүлч

 

Монгол улсад мэргэжлийн сэтгүүлч бэлтгэж эхэлсэн, сэтгүүл зүйн анхны тэнхим байгуулагдсаны 65 жилийн ой тохиож байна. Анх удаа “Сэтгүүлч” мэргэжлийн стандартыг батлуулж, 1500 гаруй сэтгүүлч бэлтгэн гаргасан тус тэнхим 1960, 1978, 1991 он гэсэн түүхэн эргэлтийн гурван цэгээс өнөөгийн өнгө төрхийг олсон юм. Орчин үеийн сэтгүүл зүйн сургалтын суурийг тавьсан тэнхимийн маргаашийг “мэдээллийн технологи” гэж Шинжлэх Ухааны Сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, Баастын Болд-Эрдэнэ тодорхойлж байна.  

 

   - Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим 1960 онд анхны элсэлтээ аван, 1978 онд Их сургуулийн харьяандаа эргэн ирж, 1991 онд бие даасан тэнхим дахин байгуулагдсан. Нийгэм цаг үеийн шилжилтийн 90-ээд онд сэтгүүл зүйн үзэл санаа,  үүрэг тэр чигээрээ өөрчлөгдөж, сэтгүүл зүйн сургалтыг ч цоо шинээр дахин боловсруулах шаардлагатай болсон. Ийм эгзэгтэй цаг үед та Сэтгүүл зүйн тэнхимийн өндөр босгоор орж иржээ.

     - Би 1995 оны 10 дугаар сарын нэгэнд Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн өндөр босгыг давсан юм. Тэр үед манай тэнхимд М.Зулькафиль багш, Л.Норовсүрэн багш, Ц.Эрдэнэбилэг,  Ганбаяр гээд багш нар ажиллаж байсан. Би үнэхээр анх бол сүрдэж байсан. Миний оюутан цагийн мөрөөдөл байсан л даа.  Ер нь багш болох юмсан, олон нийтийн харилцаа, реклам сурталчилгаа, пиарын онолыг оюутан залууст заах юмсан гэсэн. Залуу хүний хүсэл эрмэлзэл байсан юм. Өөрийгөө илэрхийлэх, өөрийн ойлгож мэдсэнээ бусдад түгээх хүслээр орж ирсэн учраас сэтгэл бол өндөр байсан. Гэхдээ нөгөө талаар бас их эмээж байсан. Яагаад гэвэл би бараг өөрийнхөө үеийнхэнд хичээл зааж байсан гэсэн үг л дээ. Би тухайн үед 24 настай, оюутнууд дотор надаас ахмад хүмүүс ч байлаа. Сүүлд манай тэнхимд Д.Хатанбаатар багш орж ирсэн. Д.Хатанбаатар багш уран зохиол, урлагийг нарийн гүнзгий, түүхэн талаас нь ярьдаг байлаа. М.Зулькафиль багш маань их зарчимч ажлыг шуурхай хийдэг, цаг тухай үед нь гүйцэтгэнэ. М.Зулькафиль багш тухайн үед үдээс хойш яваад өгдөг байсан. Үдээс хойш би тэнхимдээ ганцаараа үлдэнэ. Залуу багш учраас маргаашийн хичээлээ бэлтгэх ажилтай. Л.Норовсүрэн багш тухайн үед МУИС-ийн Хэвлэх үйлдвэрийн даргыг хавсарч хийдэг байсан. Үе үе орж ирнэ. Би Л.Норовсүрэн багшийг бичсэн номоор нь мэддэг л байсан.

   - Ямар ч багшид анхны хичээл хамгийн дурсамжтай бас ”хэцүү” байдаг. Ер нь хүнд аливааг зааж ойлгуулна гэдэг амаргүй. Хүссэн хүн шууд багш болчихдоггүй. Тэр тусмаа их сургуулийн багш оюутнууддаа зааж сургахаас гадна тэднээсээ давхар суралцаж байдаг, цаг үргэлж өөрийгөө хөгжүүлэхээс өөр аргагүй онцлогтой ажил.  Жилээс жилд багш туршлагажих тусам оюутнуудтайгаа ажиллах арга хэлбэр ч өөрчлөгддөг юм шиг санагддаг.

-Намайг оюутнууд “Та ер нь тааз ширтэж байгаад ярьдаг байсан. Оюутан руугаа харахгүй, дээшээ хараад л ярьдаг байсангэж сүүлд ярьж байсан. Бодвол залуу хүн юм чинь ичих эмээх, сандарч тэвддэг үе байсан байх. Тухайн үед нэг ахмад багш надад “Чи долоон жилийн дараа жинхэнэ багш болно” гэж хэлж байсан юм. Долоогийн долоон жилийн дараа багш болно гэсэн чинь юу гэсэн үг юм бэ гэж би их л гайхаж байж билээ. Үнэндээ  бол тийм л юм байна лээ. Анх залуу багш байхдаа зүгээр л хичээлээ заах нь гол зорилго байсан. Дараа нь оюутнууддаа ойлгуулах нь гол зорилго болдог. Харин одоо бол миний гол зорилго оюутнуудыг өөрөөр нь сэтгүүлэх. Мэдлэг бол асуултад хариулт өгөх зарчмаар явдаг процесс, үйл явц л даа. Тэгэхээр асуултад оюутнууд өөрсдөө хариулдаг, өөрсдөө сэтгэдэг байх нь чухал. Ер нь багш хүн хичээл заахаасаа гадна өөрөө оюутнуудаасаа их суралцдаг. Яагаад гэвэл оюутнуудын хэлж ярьж байгаа санаа бодол миний хувьд огт мэдээгүй ойлгоогүй асуудлыг хөндөж сөхдөг жишээ тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр багш бол  өөрөө хөгждөг, өөрөө насан туршдаа суралцдаг сонин мэргэжил гэж би боддог.

Би Болгарын Софийн их сургуулийг төгссөн. Тэнд байхад оюутнууд ярьдаг байсан юм. “Профессор бол бүхний мэддэг зүйлийг ярьдаг. Дэд профессор бол өөрийнхөө бичсэн номыг ярьдаг. Залуу багш бол хэний ч мэдэхгүй юмыг ярьдаг” гэж. Яг тэрэн шиг эхний үедээ хичээл заахдаа онолын мэдлэгийг ба, бэ- гүй хүргэх нь чухал байсан. Түүний дараа илүү төлөвшөөд ирсэн үедээ бол аль болох системтэй, логик дараалалтай, уялдаа холбоотой мэдлэг өгөх,  хичээл сургалт явуулахыг зорьдог байсан. Өнөөдөр бол аль болох оюутнуудын дотоод сэтгэл рүү, бодол, үзэл хандлага руу нь ойртохыг зорьж байна. Би өмнө нь зөвхөн өрнөдийн онолыг дамжуулдаг байсан бол одоо монголын асуудалтай яаж холбох уу, монгол ухаан, монгол ахуй, монгол  сэтгэлгээний үүднээс олон нийтийн харилцаа,  реклам сурталчилгаа ч юмуу, ер нь асуудлыг бид юу гэж, яаж харах ёстой вэ гэдгийг илүү чухалчилдаг болсон.

-Таны судалгааны “торгон” сэдэв олон нийтийн харилцаа. Яагаад энэ сэдвийг сонгож судлах болов?

-Би Олон нийтийн улс төрийн ухамсарт сонин хэвлэл нөлөөлөх нь сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Ер нь бол олон нийтийн харилцаа гэдэг их өргөн хүрээтэй. Энд сэтгүүл зүй багтана, реклам, пиар, кино, за тэгээд жагсаал цуглаан нийгмийн хүрээнд явагдаж байгаа олон нийттэй холбоотой энэ бүх асуудал олон нийтийн харилцаагаар эхлээд эцсийн зогсоол нь бас олон нийтийн харилцаа байдаг.  Хүний амьдрал гэдэг бол мэдээж нийгмийн харилцаа. Хувь хүний, гэр бүлийн харилцаа гэж байна. Түүнээс гадна дийлэнх хувь нь олон нийтийн харилцаа байдаг. Гудамжаар явж байхад ч гэсэн зорчигчид гэдэг бол олон нийтийн харилцаа. Тэнд чинь өөрийн гэсэн соёл, дэг журам, хэм хэмжээ өөрийн гэсэн онцлогууд байна л даа. Тэр нь өөрөө юутай холбоотой вэ гэвэл сэтгүүл зүйтэй, мэдээлэлтэй холбоотой. Нөгөө талаар тэр мэдээлэл болж байгаа зүйл, үйл явдал, үзэгдэл маань харилцааны тусгал үр дагавар байдаг. Ийм утгаараа бол олон нийтийн харилцаа бол өргөн гүнзгий. Миний яг сонирхдог сэдэв, асуудал бол олон нийтийн харилцаа. Нөгөөтэйгүүр Радослав Бобчев гээд багш намайг оюутан үед “Олон нийтийн харилцаа” гэдэг хичээл зааж байсан юм. Р.Бобчев багш надад их нөлөөлсөн. Яагаад гэвэл Чингис хааны тухай, Их Монгол Улсын тухай сонирхолтой жишээнүүдийг ярина. Тэр нь ухуулга сурталчилгаа. Хот, улсууд ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр бууж өгвөл энгийн тайван, дээрэм тонуулгүй, өшөө авалтгүйгээр гардаг байсан тухай яриа юм. Энэ яриа нь хотоос хотод, улсаас улсад дамжиж ер нь Чингис хааны байлдан дагуулалтын тодорхой хувь нь мэдээллээр, хүмүүсийн яриагаар, хов живээр дамждаг. Мэдээллийн дайн ялж байсан юмаа гэж ярьдаг байв. Тэр үүднээс нь би сонирхож олон нийтийн харилцааны талаар багшийнхаа хэлж байсан номуудыг уншиж улам сонирхолтой болсон. Энэ бол миний олон нийтийн харилцааг сонирхох болсон суурь л даа.

-Та 10 гаруй сурах бичиг, нэг сэдэвт зохиол, гарын авлага, 40 гаруй судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Мэдээж энэ бүхнийг судалж бүтээлээ туурвихдаа билэг оюунаа шавхан, нөр их хөдөлмөрөө  зарцуулсан нь дамжиггүй юм. Аль нэгийг нь онцгойлон үзэж голлох бүтээлээр нэрлэхэд түвэгтэй байх. Гэхдээ ямар ч судлаач эрдэмтэнд өөрийн гол бүтээл гэж байдаг. Түүгээрээ нэрлэгдэж, тийм бүтээлээрээ “овоглох” нь бий. Таны хувьд аль бүтээлээ голлох ажлаараа нэрлэх вэ?

-Хамгийн гол миний ажил бол нэг сэдэвт зохиол маань. Докторын зэрэг хамгаалсан. Хоёрт нь, миний “Олон нийтийн харилцаа” гэсэн сурах бичиг байна. 2006 онд анх хэвлэгдсэн. Өнөөдрийг хүртэл яг энэ чиглэлээр, яг энэ асуудлыг хөндсөн ном хараахан гараагүй байна. Хэд хэдэн хүн бас бичих гэж оролдож үзсэн л дээ. Үнэхээр янз бүрийн шалтгаанаар гараагүй л байна. Энэ бүтээлээрээ би бас бахархдаг гэх юм уу даа. Энэ номыг би хоёр жил янз бүрийн сурах бичиг, ном  уншиж, тодорхой хугацаанд хичээл зааж, багш болоод бараг 10 жилийн дараа гаргасан. Багагүй туршлага хуримтлуулж, хоёр зуны амралтаа зөвхөн энэ номыг  бичихэд зориулсан. Дараагийнх нь мэдээж пиарын ном байдаг. Би бол нийгмийн харилцаа гэдэг. Мөн реклам сурталчилгааны сурах бичиг байна. Эд нар бол ерөнхийдөө бас л олон нийтийн харилцаатай холбоотой. Олон нийтийн харилцаа дотор байдаг. Интернэт сэтгүүл зүйн талаар сүүлийн үед хийсэн. Энэ ч гэсэн олон нийтийн харилцааны мэдээллийн технологийн шинэ өөр түвшинд очсон ийм олон нийтийн харилцаа. Тийм ч учраас интернэт сэтгүүл зүй олон нийтийн харилцаа гэхээсээ илүүтэйгээр эс олон нийтэжсэн харилцаа. Эс олон нийтжилт гэдэг маань юу вэ гэхээр ердөө л хувь хүний оролцоон дээр суурилсан олон нийтийн харилцаа. Уламжлалт олон нийтийн харилцаа бол угаасаа л олон нийт дээр суурилдаг. Жишээ нь, үзэгчид, сонсогчид, уншигчид ч гэдэг юм уу. Тэрүүгээрээ ялгаатай олон нийтийн харилцааны шинэ үе. Миний бичсэн бүх сурах бичиг, ном бүтээл, мэдээж эрдэм шинжилгээний өгүүллүүд бас байна. Энэ бүхэн бол ерөнхийдөө олон нийтийн харилцааны онол, зарчим дээр суурилж гарсан ийм л бүтээлүүд.

 

    -1990-ээд оны үед сургалтын шинэ хөтөлбөр боловсруулж, шинэ стандарт нэвтрүүлэхэд тэнхимийн багш нарын мэргэшсэн судалгааны чиглэл чухал нөлөө үзүүлсэн санагддаг. Таны хувьд олон нийтийн харилцаа, реклам, пиарын чиглэлээр судалгаа хийж, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулсан. Та өөрийн судалгааны ажил, судалгааны сэдэвтээ юуг гол болгож, ямар зарчим үзэл санааг баримталж байв?

    - Би өөрөө асуудлыг жаахан тийм гүн ухааны философийн талаас, логиктой учир зүйн талаас илүү харахыг эрмэлздэг. Ер нь бол манай нөхөд ч тэгж хэлдэг. Чиний ном уншихад тийм амар биш гэдэг. Яагаад гэвэл, зүгээр тоочих биш аль болох философийн үүднээс харилцаа гэж юу юм бэ? Энэ харилцаа дотор байгаа мэдээлэл ч гэдэг юм уу, хэрэгсэл ч гэдэг юм уу, олон нийтийн мөн чанар ч гэдэг юм уу хүн өөрөө тэр харилцааныхаа иж бүрдлийн ямар хэсэг, нэгжийг тээж явдаг юм бэ гэдгийг аль болох холбож учир шалтгааных нь үүднээс тодорхойлох гэж оролддог. Тэрүүгээрээ арай онцлог юм болов уу гэж боддог.

     Манай М.Зулькафиль багш бол сэтгүүл зүйн онолын бүх хүрээ, асуудал бүгдийг бичсэн хүн. М.Зулькафиль багшийн 20 боть байна. Энэ ботиудад онолын тухай яриагүй хөндөөгүй сэдэв байхгүй. Ёс зүй байж байна, тэр байтугай олон нийтийн харилцааны асуудал ч явж байдаг. Дээр нь М.Зулькафиль багш маань “Сэтгүүл зүйн дөрвөн онол” гээд АНУ-ын том сурах бичгийг монгол хэлнээ хөрвүүлж орчуулсан. Онолын хувьд бол М.Зулькафиль багштай эгнэх хүн байхгүй. Мэдээж монголын сэтгүүл зүйн түүх гэвэл Л.Норовсүрэн багш л байгаа. Л.Норовсүрэн багшийн маань түүхийн гурван боть ном байна. Дараа нь түүхтэйгээ холбоотой монголын сэтгүүл зүйд гол үүрэг гүйцэтгэж байсан сэтгүүлчдийн тухай гурван боть бий. Миний ойлгож байгаагаар унших бичиг юм л даа. Онолын хүрээнд дагаж унших ёстой, ойлгох ёстой, мэдэх ёстой арвин мэдээллийг багтаасан бүтээлийг Л.Норовсүрэн багш маань бичиж туурвилаа. Түүний гаргасан 21 боть гэдэг бол бас л маш их хөдөлмөр. Намайг анх багш болж байхад монголын сэтгүүл зүйд монгол хэлээр яг энэ өрнийн онолыг авч үзсэн ганц л ном байсан. Тэр бол М.Зулькафиль багшийн цэнхэр хавтастай “Өөрчлөлт шинэчлэлт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэсэн ном. Өөр ном байгаагүй. 1996 онд Л.Норовсүрэн багш “Бичлэгийн төрөл зүйл” гэдэг номоо гаргасан. Ер нь 2010 он гэхэд М.Зулькафиль багш, Л.Норовсүрэн багш, би, миний найз Ч.Чойсамба бид дөрөв бол ерөнхийдөө олон улсын сэтгүүл зүйгээс бусад сэтгүүл зүйн бүх асуудлаарх сурах бичиг, унших бичиг, эх хэрэглэгдэхүүнийг бичсэн байсан л даа. Ч.Чойсамба маань бичлэгийн ур чадвар, найруулга зүй тал дээр илүү бүтээл туурвилаа хийсэн. “Монгол сонины мэдээ” гэдэг сэдвээр докторын зэргийг хамгаалсан. Дээр нь бичлэгийн төрөл зүйл, ур чадвар, хэл найруулгын асуудал дээр чамбай бүтээл хийсэн. Одоо ч гэсэн Ч.Чойсамба андын маань энэ талын бүтээл туурвилыг сэтгүүл зүйн оюутнууд, суралцагчид уншиж хардаг л даа. Ер нь Ч.Чойсамбаас хойш яг энэ талаар нэлээн судалгаатай чамбай бүтээл бол хараахан байхгүй л байна. Дээрээс нь Ч.Чойсамба маань сэтгүүлчийн ёс зүй тал дээр нэлээн ажиллаж байсан. Мөн экологийн сэтгүүл зүйн асуудлыг монголын сургалт, судалгааны орчинд оруулж ирсэн. Манай Л.Норовсүрэн багш бол юмыг нэлээн консерватив гэх юмуу даа уламжлал дээр суурилж хардаг. Түүхийн талынх нь ном бүтээлүүд, сэтгүүл зүйн бүтээлүүд нь аман зохиолоос, сэтгүүл зүйн өмнөх үзэгдлээс холбож гаргаж ирснээрээ сэтгэлгээний хувьд, судлагдахууны хувьд том алхам хийсэн. М.Зулькафиль багш маань онолын хүн. Онол гэдэг маань юу вэ гэвэл, асуудлын мөн чанар, ухагдахуун дээр гол үзэл санааг монголын сэтгүүл зүйн судалгааны ертөнцөд бий болгосон гавьяатай хүн.

 

-Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн өнөөгийн өнгө төрхийг бий болгоход 1990-2000-аад оны үе онцгой нөлөө үзүүлж, үндэс суурь нь болсон байдаг. Голлох ажлууд энэ үед хийгдсэн эргэлтийн он жилүүд байсан гэж хэлж болох уу?

     -Энэ үед сургалтын хувьд бид Соросын сангийн дэмжлэгтэйгээр сэтгүүл зүйн хөтөлбөрийг шинэчилсэн. 1999 онд АНУ явж туршлага судлан шинэчлэлт хийж, сэтгүүл зүйн хөтөлбөрийн анхны стандартыг батлуулсан юм. Манай сургалтын хөтөлбөр төлөвлөгөө тэр үед олноор гарч байсан хувийн сургуулиудын хувьд сургалтын технологийнх нь гол баримт бичиг байсан. Тийм зүйлийг бид 2000 гэхэд хийчихсэн байсан. Сурах бичиг, номын хувьд бол сэтгүүл зүйн бүх салбар асуудал, бүх хичээлд ямар нэг байдлаар 1-2 сурах бичиг, бүтээлийг манай тэнхимийн багш нар гаргасан байсан. Судалгааны асуудал дээр манай хоёр багш шинжлэх ухааны докторын (Sc.D) зэргийг хамгаалсан. Энэ бол том үзүүлэлт. Тухайн үед манай тэнхим дөрвөн багштай байсан. Дөрвүүлээ бид доктор байсан. Энэ бол бид судалгааны ажил яаж хийсэн бэ гэдгийг харуулж байгаа юм. Маш олон төслийг ч  бид тухайн үед дангаараа болоод хамтарч хэрэгжүүлж байсан.

            -Тухайн үед нийгэм өөрчлөгдөж, өмнө нь огт байгаагүй цоо шинэ зүйлс, үзэл санаа гарч ирсэн. Ийм эгзэгтэй үед сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулна гэдэг зөвхөн сургалтын баримт бичиг боловсруулах ажил байгаагүй. Шинэ үзэл санааг тусгах, боловсруулах, шингээх ажил яригдаж байсан байх. Монголын ирээдүйн сэтгүүлчдийг ямар үзэл санаагаар сургах, сэтгүүл зүйд ямар үзэл санааны “үр цацах” вэ? гэсэн алсын бодлого давхар явж байсан болов уу.

-Гол нь мэдээж либерал сэтгүүл зүйн онолыг монголд авчрах, тэр үзэл номлолыг төлөвшүүлэх асуудал бол бидний энэ ажлын нэгдүгээр бөгөөд эрхэм зорилго байсан. Хоёрдугаарт, урьд өмнө нь яригддаггүй байсан реклам, пиар гэдэг ч юмуу, олон нийтийн харилцаа ч гэдэг юм уу, экологийн сэтгүүл зүй ч гэдэг юмуу шинэ ярих ёстой хичээл мэдлэгийг чадан ядан өөрсдийнхөө хэмжээнд бас гадны ном зохиол, үзэл бодол, судлаачдын байр суурийг харж байгаад бүтээл туурвил, сурах бичиг болгож авчирсан. Сургалтын төлөвлөгөөг шинэчилнэ гэдэг бол оюутанд зориулж байгаа зүйл. Оюутан гэдэг маань ирээдүйн сэтгүүлчид. Сэтгүүлчдээрээ дамжуулаад сэтгүүл зүйн ерөнхий хандлага төлөвшилд бид бас өөрийн гэсэн хувь нэмрийг мэдээж оруулсан байгаа. Энэ бол дээрх 10 жилийн хугацаанд бидний хийсэн гурав дахь бахархам ажлын үр дүн юм л даа. Монгол уламжлал менталитет үзэл санаанд нийцүүлж  чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн  олон шинэ асуудлыг холбох ажлуудыг тодорхой хэмжээнд бид хийсэн. Манай багш нарын аль ч ном, сурах бичигт саяны ярьсан асуудлууд тодорхой хэмжээгээр бол байгаа. Мэдээж шинэчлэх өөрчлөх зүйл бол байсан. Тэрийгээ ч гэсэн бид үргэлжлүүлээд сайжруулаад өнөөдрийг хүртэл явж л байна.

 

-Сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиуд бүгд өөрийн гэсэн онцлогтой байдаг. Онол давамгайлсан, практик давамгайлсан, хосолсон гэдэг ч юм уу. Эсвэл бичих чадвар, техник технологи ашиглах чадвар, ярих чадвар гэдэг ч юм уу, аль нэг талдаа онцлогтой сургалтуудыг явуулдаг.  Монгол Улсын Их Сургуулийн онцлогийг та юу гэж тодорхойлох вэ?

-Бид бол академик сургалтын байгууллага. Жишээ нь, манайх Хэвлэлийн хүрээлэн юм уу, МУБИС-аас юугаараа ялгаатай вэ гэвэл академик онолын мэдлэг өгдгөөрөө  илүү гэж ам бардам хэлж чадна. Энэ бол бидний гол онцлог юм. Үүн дээрээ суурилаад судалгааны ажил, хичээл сургалтын технологийн асуудлууд бусад сургуулиудаас ялгаатай. Гэхдээ бид сургалтын хөтөлбөрийг шинэчлэхдээ дадлага практикийг нэмэгдүүлэх бодлогыг бас баримталсан. 1999 онд хийсэн сэтгүүл зүйн хөтөлбөрийн шинэчлэлтийн гол зүйл бол дадлагын практик хичээлүүдийг нэмэгдүүлэхэд илүү ач холбогдол өгч ажилласанд байгаа юм. Онол практикийн харьцааг тэр үед бид тэнцүүлсэн. Гэхдээ бусад сургуулиудаас ялгагдах зүйл нь бол илүү онолын тал руугаа. Энэ яагаад вэ гэвэл, нийгмийн ухаан бол Оросын дэг сургуулиас эхтэй. Оросууд бол Германаас авсан. Германы академик боловсролыг олгодог энэ дэг сургууль Оросоор дамжаад манайд нутагшсан. Үүнийг манай МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим ямар нэгэн байдлаар өнөөдрийг хүртэл тээж авч яваа гэж би боддог.

-Та АНУ, Европ зэрэг барууны орнуудын сэтгүүл зүйн сургалттай танилцаж, судалсан.  Өөрөө ч тэнд суралцаж төгссөн хүн. Бидний явуулж буй сэтгүүл зүйн сургалтыг гадаадын их дээд сургуулиудтай харьцуулж үзсэн байх?

-Онолын хувьд бид хоцроогүй, зөрүүгүй гэж бодож байна. Баруунд ярьдаг тэр л зүйлийг ярьж байгаа. Мэдээж чанарын хувьд өндөр хөгжсөн орны боломж нөхцөл, техник технологи, ном сурах бичгийн сан, фонд бол харьцуулашгүй өндөр түвшинд байгаа л даа. Бид өөрсдийнхөө хэмжээнд араас нь явж байгаа. Гэхдээ агуулгын хувьд бол тэгж хоцрогдсон дутуу гэж хэлэхгүй. Ойролцоо түвшинд явж байгаа. Мэдээж Монгол Улсын өөрийнх нь онцлог байна. Эндээс үүдээд бидэнд дутуу, хийж чадахгүй байгаа, хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйлүүд бол бас  их л байна. Миссуригийн их сургуульд 1999 онд очоод Америкийн сэтгүүл зүйн сургалт ямар байдаг юм бэ гэдгийг бид өөрсдийнхөө нүдээр хараад нэг зүйлийг анзаарсан. Тэр нь юу вэ гэвэл, тэнд сургалтын нөхцөл, орчин бааз үнэхээр хангалттай дээд түвшинд байсан. Тийм түвшинд сургалт явуулна гэдэг чинь үр дүн, чанар нь өндөр байхаас яахав. Тийм л санагдаж байсан.

-Та МУИС-д 1995 оноос багшилж байна. Энэ үеэс хойш сэтгүүл зүйн тэнхимд суралцаж буй бүх оюутанд хичээл орсон. Багшийн эрдэм шавьд гэдэг. Та шавь нарынхаа мэргэжлийн үйл ажиллагааны талаар сэтгэлээ чилээдэг л байх. Бодлоосоо хуваалцахгүй юу?  

-Сэтгүүлчийн мэргэжил хувь хүний авьяас, мэдрэмж, ур чадвартай их холбоотой. Оюутнууд маань өөрсдийн гэсэн байгалийн унаган төрөлх авьяас, чадвар дээр бидний ярьсан онолын мэдлэгт суралцдаг. Өнөөдрийн монголын сэтгүүл зүйн сайн нь ч бидэнтэй холбоотой, муу нь ч бидэнтэй холбоотой. Өөрийнхөө төгсөгчдийг хараад өнөөдрийн сэтгүүл зүй бол ямар ч байсан “дөрөв дэх засаглал”-ын эрх мэдэл гэдэг юмаа аваад явж л байна. Улс орон, нийгэм,  олон нийтэд мэдээлэл хүргэж, нөлөөлж алдаа оноотой ч гэсэн ер нь  дийлэнх нь  их зөв голчтой урагшлуулж байгаа нь бидний сургалтын үр дүн юм. Тиймээс би төгсөгчдөө мэдээлэл түгээх, үзэл бодол илэрхийлэх эрх, эрх чөлөөний дархлааг тодорхой хэмжээнд бий болгож чадсан гэж бодож байна.

Уламжлалгүй шинэчлэл үгүй. Нэгэнт хүч хөдөлмөрөө урсгаж босгосон уламжлалын суурин дээр цаг үеэ дагасан, алсын хараатай шинэчлэл хийж сайн ирээдүйг цогцлоох нь шинэ үеийн үүрэг байдаг. Та тэнхимийнхээ маргаашийг хэрхэн харж байна?  

- Цаг үеэ дагаад дээд боловсролын үзэл баримтлал өөрчлөгдөж байна. Өмнө нь бид сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэдэг байсан бол одоо сэтгүүл зүйн бакалаврын зэргийн сургалт буюу зэргийн сургалт руу орсон. Энэ бол том хувьсал өөрчлөлт юм. Манай олон нийт, нийгэм энийг хараахан ойлгохгүй байна. Либерал арт гээд 2013 оноос хойш өөрчилсөн энэ тогтолцоо бол хувь хүний хувьд, нийгмийн хувьд, мэргэжлийн хувьд хүн энэ тэнцүү төлөвших ёстой гэсэн боловсролын философид суурилсан сургалт. Үүнтэй адилхан манай сэтгүүл зүйн тэнхимийн хөгжил ч гэсэн зэргийн сургалтыг бий болгох ёстой. Мэдээж мэргэжлээсээ гадна хувь хүний нийгмийн хөгжилд бид илүү анхаарах ёстой болчихоод байна л даа. Манай тэнхимийн “Олон нийтийн харилцаа, мэдээлэл” хөтөлбөр урьдчилсан магадланд явж байна. Ирээдүйтэй, алсын хараатай сургалтын хөтөлбөр гэж болно гэж төлөвлөж байгаа. Сэтгүүлч гэхээр л ганцхан мэдээ бичдэг, ярилцлага авдаг хүн биш юм. Харин мэдээллийн том компанийг зохион байгуулдаг, мэдээллийн цогц систем институт дотор ажилладаг, нийгмийн мэдээллийн урсгалыг чиглүүлдэг, тэнд байгаа ямар нэгэн өнгө аясыг тодотгодог макро түвшний харилцааны мэргэжилтэн бэлтгэдэг зэргийн сургалтыг ирээдүйд бид хийнэ. Цаашлаад манай тэнхим мэдээллийн технологи дээр салбарлаж явах байх гэж дараагийн шатыг харж байна. Ирээдүйд мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан орж ирэхээр олон салбарт хөдөлгөөн гарна. Зарим мэргэжил үгүй болно. Сэтгүүлчийн мэргэжил мэдээллийн технологиос шууд хамааралтай.  Гэхдээ хүний харилцаа роботын хийж чадахгүй байгаа зүйл бол сэтгэл гэж боддог. Сэтгэл дээр ажилладаг мэргэжил учраас, тэрийг нээдэг ур чадварыг шаарддаг учраас сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны энэ сургалт цаашид ч гэсэн өргөжин хөгжинө гэдэгт би итгэж байна. Технологийн талын сургалтын агуулгыг цаашлаад бие даасан хөтөлбөрийг бий болгох хэрэгтэй. Энэ бол бидний хийх ажил. Төгс сэтгүүлч, төгс олон нийтийн харилцааны мэргэжилтэн бид хэзээ ч бэлтгэж чадахгүй. Бид тэр хүнд ийм зүйл байдаг шүү гэсэн ерөнхий ойлголтыг өгч байдаг. Хүн өөрөө хөгжих ёстой. Манай дээд боловсрол, боловсролын салбарт байдаг нэг буруу ойлголт бол яг тэр мэргэжлээр, тэр зэргээр сурахаар тэр талын их сайн сэтгүүлч, сайн ажилтан, сайн математикч болох ёстой гэсэн буруу хандлага байгаад байдаг. Ер нь бидний сургалтын гол зорилго бол өдөөх. Тэр залуу хүнийг өдөөх бидний зорилго болохоос тэр хүнийг бүрэн дүүрэн бэлдэж бол чадахгүй. Эмч байлаа ч гэсэн адилхан. Анагаахын ямар нэг зэргийн сургалт төгсөөд шууд шүдний эмч болохгүй ш дээ. Шүдний эмч болно гэдэг чинь туршлага хэрэгтэй, дадлага хэрэгтэй хүн бол өөрөө хөгжих ёстой. Энийг л бид бодох хэрэгтэй байна.

- Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын эрдэм судлалын ажилд амжилт хүсье!

 

 

 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн