fitness
  • 13 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Аливаа даатгал нь хүний амьдралын туршид тохиолдсон төрөл бүрийн эрдслийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготой байдаг. Нэг үгээр хэлбэл даатгал нь хүний амьдрах явцад тохиолдсон аливаа  эрсдэлийг даван гарахад дэмжлэг үзүүлэх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ гэж үздэг.

Хүний хөдөлмөр эрхлэх явцад тохиолдох эрсдлийн тоонд өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа түр алдах, хүүхэд төрүүлж өсгөх, ажилгүй болох, аливаа осол эндэгдлийн улмаас тахир дутуу болох зэргийг оруулдаг дэлхийн улс орнуудын жишиг байна. Мэдээж зарим улс эдгээрийг бүгдийг хөдөлмөр тасалдах эрсдэл гэж тооцож байхад зарим нь тодорхой цөөн тохиолдлыг эрсдэл гэж үзэх нь буй.

Хөдөлмөр эрхлэлтийн явцад тохиолдсон эрсдлийг зөөллөх агуулга бүхий даатгалын төрөлд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хамруулдаг.

Манай улсад 1960-аад оноос  тэтгэвэр, тэтгэмжийн зарим хэлбэрийг нэвтрүүлж эхэлсэн байдаг. Манайд тухайн үед өмчийн ихэнх нь улсын  өмч байсан болохоор улсын даатгал, өөрөөр хэлбэл ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцдаг тогтолцоо үйлчилдэг байв. 1975 онд МАХН-ын төв хороо, Сайд нарын Зөвлөлийн 27 дугаар тогтоолоор  Нийгмийн даатгалын шимтгэлийг  үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагын цалин, хөдөлмөрийн хөлсний сангийн 13,5 хувиар тогтоож мөрдүүлсэн байдаг.

1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар улс орон өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагт шилжиж орсон болохоор түүнд нийцсэн нийгмийн даатгалын тогтолцоог сонгон нутагшуулах шаардлага тавигдсан юм.  Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэ хэв шинжид тохирсон, манай улсын нийгэм хангамжийн салбарт тогтсон уламжлалыг боломжтой түвшинд хадгалж, дэлхийн улс орнуудын түгээмэл хэв загварыг нутагшуулах зорилгоор нийгмийн даатгалын шинэ тогтолцоог сонгон авах эрэл хайгуул судалгааны ажлыг явуулсаны дагуу өмнө нь иргэддээ үзүүлдэг байсан нийгмийн дэмжлэг, хөнгөлөлтөөс ухрахгүй байх зарчмыг баримтлан нийгмийн даатгалын эв санааны нэгдлийн тогтолцоог сонгон нутагшуулах эхлэлийг 1994 онд Улсын Их Хурлаар хэлэлцэж холбогдох багц хуулийг батлан мөрдүүлсэн билээ.

1991-1994 онд нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангах хүрээнд Герман, Франц, ОХУ,  Канад, Япон, Нидерланд, БНСУ зэрэг улсын нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын тогтолцоог судалж, Монгол Улсад нийгмийн даатгалын эв санааны нэгдлийн тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзэн нийгмийн даатгалын багц хууль, нийгмийн халамжийн багц хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, тухайн үеийн Улсын Их Хурал ихээхэн чармайлт гарган баталж 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсэн билээ.

Тухайн үед судалгаанд хамрагдсан Австри, Канад, Франц, Герман, Япон, БНСУ, Пакистан, Филиппин, АНУ-ын тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээтэй харьцуулахад Австрийнх /даатгуулагч-10,25 ба ажид олгогч -12,5%/-аас манайх доогуур, бусад орнуудынхаас тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувьд дээгүүр тогтоосон нь үнэн ч, бусад төрлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ болон бүх 4 төрлийн даатгалын шимтгэлийн нийлбэр дүнгээр бусад орнуудынхаас доогуур тогтоогдсон билээ.

Яагаад тэтгэврийн даатгалын шимтгэл нь бусад орныхоос арай өндөр тогтоогдсон юм бэ гэсэн асуулт гарах байх. Тэгвэл манайд тэтгэврийн даатгалын сангаас зөвхөн өндөр насны тэтгэврийг тогтоон олгодоггүй бас тэжээгчээ алдсаны болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэврийг мөн сангаас тогтоон олгохоор тогтоосонтой холбоотой.

Улсын Их Хурлын 2004-2008 оны бүрэн эрхийн хугацаанд МоАН-ын “4 арав” гэсэн сонгуулийн амлалтын дагуу 2007 оны 11 дүгээр 30-ны өдрийн хуулиар ажил олгогчийн төлвөл зохих шимтгэл тэдгээрийн цалин, хөдөлмөрийн хөлсний сангийн 19;20;21 хувь байсныг 11;12;13 хувь болгон бууруулсан байдаг.

Түүнчлэн хилийн боомтод ажиллаж буй гаалийн байцаагч болон хилийн цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, дипломат албаны зэрэг албан хаагчдын  гэр бүлийн хүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцох тухай тэдгээрийн тус бүрийн хууль /2008 оны Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 282.7, Монгол улсын хилийн тухай 1993 оны хуулийн 36.4, Цагдаагийн албаны тухай 2017 оны хуулийн 87.3, Тагнуулын байгууллагын тухай 1999 оны хуулийн 25.1, Дипломат албаны тухай 2000 оны хуулийн 23.2, /-иар зохицуулж байгаа нь нийгмийн даатгалын сангийн орлого талыг хомсдуулахад нөлөөлж байна.

Улсын Их Хурлаас Нийгмийн даатгалын сангийн зарлагыг дур мэдэн нэмэгдүүлсэн бас нэг тохиолдол бол 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулиар 1990-1995 оны хооронд хөдөлмөр эрхлээгүй хүнийг ажилласнаар тооцох, 1995:-2000 онд хөдөлмөр нь тасалдсан хүний нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан явдал юм.

Түүнчлэн дараах хуулиуд ч Нийгмийн даатгалын санд зохих ачааллыг нэмсэн гэдэг нь ойлгомжтой. Үүнд :

-       Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нөхөн төлүүлэх тухай 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хууль;

-       Нас барсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн 20 хувийг гэр бүлийн хүнд нь өвлүүлэх тухай Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн нэмэлт, дараа нь 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар баталгаажуулсан;

-       Цаатан иргэдийн НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төр хариуцан төлөх тухай  2015 оны 1 дүгээр сарын 30- ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулсан нэмэлт;

-       2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийгмийн дааалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд оруулсан нэмэлт /2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга/-ээр эхчүүдийн даатгуулсан хугацааг төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд тус бүрийн тоогоор 1,5 жилээр нэмэгдүүлж тооцох тухай гэх мэт.

Ийнхүү ажил олгогч, даатгуулагчийн мэдлийн НДС-ийн хөрөнгийн зарлагыг нэмэгдүүлж, орлогыг нь бууруулах чиглэлээр үе үеийн Улсын Их Хурал хууль баталж ирсэн нь Нийгмийн даатгалын санг дампуурал руу түлхсэн гэж дүгнэх үндэстэй.

Уг нь иймэрхүү шийдвэрийг гаргахдаа Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хүрэлцэх эсэх, хүрэлцэхгүй бол нийгмийн халамжийн шинэ төрлийг буй болгон шийдвэрлэх гарц гаргалгаа байсан гэдгийг зориуд тэмдэглэе.

Дээр дурдсан шийдвэрүүдийн дагуу НДС-ийн орлогыг яаж буруулсан, зарлагыг ямар хэмжээгээр нэмэгдүүлснийг тооцож үзье. Үүнд:

1.    НДШ-ийг бууруулж НДС-ийн орлогыг бууруулсан хуулийн улмаас:

Статистикийн 1313.mn сайтад мэдээлснээр хөдөлмөр эрхэлж буй иргэний тоо 2024 онд 1100400, голч цалин нь 2000000 төгрөг байсан. Нийгмийн даатгалын шимтгэл 1994 оны хуулиар 29 хувь, 2017 оны хуулиар 25,2 хувь, зөрүү нь 3,8 хувь болно. Эндээс нэг сард НДС-д орох орлогын бууралт 1100400х2000000х3,8 %=83630400000=83,63 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл нэг сард 83,63 тэрбум төгрөг, жилд 1003,56 тэрбум төгрөгөөр НДС-ийн орлого талыг хумисан гэсэн үг.

2. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 11 жил өнгөрсөн. Энэ хугацаанд түүнд зарцуулсан мөнгөн дүн 1898,7 тэрбум төгрөг, 2023 оны гүйцэтгэлээр нөхөн тооцсоноор тэтгэврээ тогтоолгосон 344,4 мянган хүн байна гэж НДЕГ хуулийн төслийн танилцуулгад хавсаргасан байна. Эндээс жилд 1898,7:11=172,6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин нөхөн тооцсоноор НДС-д төвлөрсөн нийт хөрөнгө нь ердөө 37,9 тэрбум төгрөг байжээ. Зөрүү 134,7 тэрбум төгрөгөөр НДС-ийн зардал жил тутам нэмэгдсэн байна.

            3. Нас барсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн 20 хувийг гэр бүлийн хүнд нь өвлүүлэх: Статистикийн 1313.mn сайтын 2024 оны мэдээгээр жилд 55 -аас дээш насны 13,0 мянган хүн нас барсан байна. Дундаж тэтгэвэр 901,1 мян. төгрөг. Эндээс НДС-д 13000х901100х20%= 23,3 тэрбум төгрөгийн ачаалал нэмэгдэж байна.

            4. Хүүхдийн тоогоор даатгуулсан хугацааг 1,5 жилээр нэмэгдүүлж тооцох: Статистикийн 1313.mn сайтын 2024 оны мэдээгээр жилийн нийт төрөлт 57370 үүнээс 0 настай хүүхдийн нас баралт 1260, үүнээс үзвэл 57370-1260=56210 хүүхдээр нэмэгддэг гэж үзвэл 56210х1,5 жил= 84315. Эндээс жил бүртэтгэвэр тогтоолгож буй даатгуулагчдын  нийт даатгуулсан хугацаан дээр 84315 жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Энэ бол нэг талаас эхчүүдийн даатгуулах хугацааг богиносгож болохуйц илэрхийлэл. Нөгөө талаас даатгуулагчийн НДШ төлөлтийн хугацааг богиносгож улмаар НДС-ийн орлогыг бууруулж  болохуйц илэрхийлэл болно. Нийгмийн даатгалын байгууллага, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан тооцоогоор 200,0 орчим тэрбум төгрөг жилд нэмж зарцуулахаар байгаа юм билээ.

Энэ мэтээр Улсын Их Хурлаас нийгмийн даатгалын сангийн орлого талыг танаж, зарлага талыг өсгөж байгаа дээрх хөнгөлөлт, давуу байдлыг тогтоож ирснийг залруулж, тэдгээрт зарцуулж байгаа хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв рүү шилжүүлж, эдгээр хөнгөлөлт, давуу байдлыг орлуулахуйц нийгмийн халамжийн тэтгэмжийн төрлийг буй болгох замаар нийгмийн даатгалын санг алдагдалгүй болгон цэвэрлэж, уг сангийн удирдлагыг бие даасан тусгай эрх зүйн байдал бүхий хуулийн этгээд хэрэгжүүлэх нь зохимжтой хэмээн үзнэ.

Нийгмийн даатгалын сан дампуурлаа гэж бараг амтай бүхэн хашгирах болов. Нийгмийн даатгалын сан ДАМПУУРААГҮЙ. Харин нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүнд орж тооцогддог Цэргийн албан хаагчийн тэтгэвэрт Улсын төсвөөс зарцуулдаг 400,1 тэрбум төгрөгийг хасч ярих ёстой. Төрийн санхүүжилтэд хамрагддаг 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмадуудад олгож буй тэтгэврийн дүнг мөн хасч тооцвол зохино. Тэгээд дээр дурдсан хөнгөлөлт, давуу байдлаас нь чөлөөлчихвөл нийгмийн даатгалын сан  алдагдалтай харагдахгүй.

Тэтгэвэр бага байна гэсэн  санал шүүмжлэл гарах болгонд нийгмийн даатгалын шинэ тогтолцоо нэвтрүүлнэ гэж Улсын Их Хурал дээр гишүүд сүржин мэдэгдэл хийж хөгшчүүдийг хуурч төөрөлдүүлдгээ болих хэрэгтэй.

Нийгмийн даатгалын иж бүрэн тогтолцооноос тэтгэврийн даатгалыг салгаж, хуримтлалын тогтолцоонд шилжүүлнэ гэх хэрэг байна уу?  Нийгмийн даатгалын хуримтлалын тогтолцоог 1994 онд Дэлхийн банкнаас улс орнуудад анх санал болгоход насжилт хэдийгээр өндөр байгаа ч даатгалын хуваарилалтын тогтолцоо бүхий хойт болон баруун Европын орнууд түүнийг шүүрч авч нэвтрүүлээгүй, харин хуучин социалист зарим улс, ЗХУ-ын задралаар үүссэн зарим улс орнууд л Дэхийн банкнаас санал болгосон тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн, зарим нь амжилттай, зарим нь асуудалтай болж байна.

За хуримтлалын тогтолцоонд одоогийн Тэтгэврийн даатгалын нэрийн дансны тухай хуульд заасны дагуу шилжүүллээ гэж бодъё. Одоогийн тэтгэврийн даатгалын бүрэлдэхүүнд байгаа тэжээгчээ алдсаны болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэврийг түүнээс санхүүжүүлнэ. Эсвэл энэ хоёр төрлийн даатгалыг орхиж, зөвхөн тэтгэврийн даатгалыг л хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх байх.   Бас даатгуулагчид сургалтанд хамрагдах, орон сууц худалдан авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлага үүсвэл тэтгэврийн даатгалын хуримтлалын данснаасаа санхүүжих боломжийг нээж өгсөн. Энэ хэдийгээр аятайхан  сонсогдох хэдий ч зарим тохиолдолд тэтгэврээ тогтоолгох үед хуримтлуулсан шимтгэлийн үлдэгдэл маш бага болсон тохиолдолд уг даатгуулагч нийгмийн халамжийн тэтгэвэр л тогтоолгож таарах байх. Нэг үгээр хэлбэл нийгмийн халамжийн зардал төсөөлж байгаагүй хэмжээгээр өсөх эрсдэл байж болзошгүй. Үүнийг хууль тогтоогчид тооцож л байдаг байх даа.

Эсвэл энэхүү эрс өөрчлөлтийн цаана нь гадны төсөл хэрэгжүүлэх асар их мөнгөний өгөөш байгаа юм биш үү гэж хардах болов.

Ер нь бол өнөөгийн тэтгэврийн хямралыг элдэв хардлагагүйгээр 1404,0 мянган төгрөгийн хязгаарлалтаа авч хаяад, шаардлагатай бол төрийн суурь тэтгэвэр тогтоогоод явчихад л элдэв нэмэлт төсөл хэрэгжүүлэхгүйгээр, хардлага сэрдлэггүйгээр шинэ төсөл хэрэгжүүлэхэд зарцуулах зардлаасаа санхүүжүүлээд шийдчихэж болмоор л санагдах юм.

Миний бие хүүхдийн мөнгөнд зарцуулж буй мөнгөн тэтгэмжийг хувьцаанд шилжүүлэн чөлөөлгдөх мөнгөн хөрөнгөөр өнөөгийн тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлаа шийдэх гарц байгааг өмнө нь санал болгож байснаа эргэн сануулъя.

  АХМАД ПАРЛАМЕНТАЧ

    ЦЭДЭВИЙН ТОВУУСҮРЭН

                                                                                                2025.12.05

 

 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн