fitness
  • 72 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр (2026.01.13) Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болов.

Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслолд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Б.Чимидийн нэрэмжит шагналтнууд болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн гэр бүл, үр хүүхэд, шавь нар, албаны бусад хүмүүс оролцов.

Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, професор Бяраагийн Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг бүтээлийн шагналыг 2015 оноос жил бүр олгож ирсэн уламжлалтайг Улсын Их Хурлын дарга Н.Учрал дурдаад “Энэхүү шагналыг Улсын Их Хурлын төлөөлөх, хууль батлах, хянан шалгах үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан шилдэг бүтээлд жил бүр олгодог.

Ёслолын арга хэмжээний эхэнд Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Б.Чимидийн шагнал олгох тухай” 04 тоот захирамжийг уншиж сонордууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 293 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан ““Б.Чимидийн нэрэмжит” шагнал олгох журам”-ын 1.2, 3.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд хувь нэмэр оруулахуйц эрдэм шинжилгээний “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт бүтээлийг туурвисан Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Жавхлангийн Бямбаа, хууль зүйн ухааны доктор, профессор Жамбаачүлтэмийн Эрхэсхулан нарт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна.

Ийнхүү Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Жавхлангийн Бямбаа, хууль зүйн ухааны доктор, профессор Жамбаачүлтэмийн Эрхэсхулан нарт шагналыг хүртээж, өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медалийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал гардууллаа.

Одоогоос 34 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталж, энэ хуулиар манай орон ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, шинэ нийгэм байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон болохыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал шагналыг гардуулж, баяр хүргэж хэлсэн үгийнхээ эхэнд дурдаад “ардчилсан” хэмээх тодотголтой шинэ Үндсэн хуулийн эхийг баригчаар Бяраагийн Чимид гуай ажиллаж, төр түмнийхээ өмнө түүхэн гавьяа байгуулсныг тэмдэглэв. Мөн тэрбээр шагналт бүтээл нь бичлэгийн хэлбэрийн хувьд сурах бичиг болон монографын онцлогийг агуулснаараа арга зүйн чухал ач холбогдолтой гэлээ.

Улсын Их Хурлын дарга “Энэхүү бүтээл нь үндэсний эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, манай улсын эрүүгийн процессын эрх зүйн асуудлыг дэлгэрэнгүй задлан шинжилсэн бүтээл бөгөөд эрдэмтэн, судлаачид, оюутан залуусын эрдэм шинжилгээ, судалгааны олон бүтээлийн үнэ цэнтэй эх сурвалж, сургалтын чухал хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэл төгс байна. Энэ ташрамд Б.Чимид гуайн хойч үедээ “Зөв хууль гаргадаг Улсын Их Хурал, сайн гүйцэтгэдэг Засгийн газар, шударгаар хамгаалдаг шүүх, шүүгч энэ гурав байж сая хууль биелнэ”, “Хуулийг дээдсийг эрхэмлэн хязгаарлах, доодсыг энэрэн нигүүлсэхийн тулд гаргадаг” гэж захисан үнэт сургаал үгс энэ цаг үед судлаач, эрдэмтэд төдийгүй хууль тогтоогч бид бүхэнд улам үнэ цэн, ач холбогдолтой байгааг дахин сануулж өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөн ажиллахыг уриалж байна” хэмээсэн.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Эрхэсхулан нарт эрдэм судлалын их үйлс нь арвижин дэлгэрч, эрх зүйн шинжлэх ухааны хөгжил, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байхыг хүсэн ерөөв.

“Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал бүтээл” нь бүтцийн хувьд 13 бүлэг, 76 дэд хэсэг, ном зүйгээс бүрдсэн 320 гаруй хуудастай томоохон хэмжээний бүтээл бөгөөд эрүүгийн процессын эрх зүйн ерөнхий, тусгай ангийн асуудлыг бүхэлд нь агуулснаараа онцлогтой аж.

Дараа нь Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа үг хэлэхдээ “Энэхүү хүндтэй шагналыг авч, Монголын шилдэг хуульчдын нэгэн адилаар үнэлүүлж буйдаа туйлын их баяртай байна. Би 1968 онд Улсын дээд шүүхийн дэргэдэх Хууль зүйн дунд сургуульд сурч байхдаа гялалзсан сайхан залуу багш Б.Чимидээр захиргааны эрх зүйн хичээл заалгаж, тархи толгой маань сэхээрч байснаа тодхон санаж байна. “Эрүүгийн процессын эрх зүй” хэмээх нэр томьёог залуу багш нар маань оноосон, үүнд би их баярлаж явдаг. Энэ ном бол эрүүгийн процессын хуулийн шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд богино хугацаанд бэлтгэгдсэн, бакалаврын түвшний доод хязгаар юм. Энэ сурах бичиг маань онол арга зүй болон практик хэрэглээний хувьд зэрэгцээ түвшинд шахагдаж бичигддэг онцлогтой. Бид энэ шаардлагыг тухайн үедээ хангахыг чадах хэрээрээ чармайсан. Ахмад үеийн бид казах, орос хэлний мэдлэгтэй бол залуучууд маань олон хэлний мэдлэгтэй болжээ. Тийм учраас олон улсын эрх зүйн жишиглэл, хэв хэлбэрүүд, түүний дотор процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлагуудын талаар бидэнд зөвлөж, олон сайхан санаа хэлж,  онол, арга зүйн хувьд гологдохгүй бүтээл гаргаж чадсандаа би баяртай байна” гэв. Гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Ж.Бямбаа дараа дараагийн бүтээлээ туурвихдаа цаг үедээ нийцсэн, аль ч улс оронд очсон судалгаа хийх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхийн төлөө хичээнэ гэдгээ илэрхийлээд, “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт бүтээлийг минь ийн үнэлсэнд туйлын их урамшиж, энэ урам зоригоороо улсынхаа төлөө зүтгэн ажиллах болно гэв. Ж.Бямбаа профессор “Нэг зүйлийг би онцолж хэлье. Залуу мэргэжилтнүүд аль болох хуулийг биелүүлэх, мэдэх, эрх зүйг ойлгох, мэдэх, мэдрүүлэх, сурталчлах түвшинд бэлтгэгдсэн, олон талын чадвар, мэдлэгтэй болоорой. Хуулийн онолоор цэнэглэгдээрэй, хэрэглээний түвшинд ямарваа гомдол гаргалгүйгээр ажиллаасай үргэлж бодож явдаг юм. Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээсэн.

Ийнхүү Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслол ийн өндөрлөлөө.

Нэр хүндтэй энэхүү шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ, академич, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор Ц.Сарантуяа, Гавьяат багш, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Солонго, хууль зүйн ухааны доктор, профессор П.Амаржаргал, магистр М.Батчимэг, хууль зүйн ухааны доктор, профессор О.Мөнхсайхан, магистр Ц.Даваадулам, профессор Том Гинсбург нарын бүрэлдэхүүнтэй, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар ахлагчтай судалгааны баг болон философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж нар тус тус хүртэж байсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн