Эрчим хүчний чадлын дутагдлыг хэрхэн нөхөж, хэрэглээний өсөлтийг хэзээ гүйцэх талаар Эрчим хүчний сайдаас өнөөдөр сэтгүүлчид тодрууллаа.
Тэрбээр энэ асуудлаар сайд Б.Чойжилсүрэн "Сүүлийн хоёр жил 560 МВт-ын эх үүсвэрийг шинээр ашиглалтад оруулсан ч хэрэглээний өсөлтөө гүйцэхгүй байгаа. Дулааны цахилгаан станц барихад багадаа 30-36 сар хэрэгтэй. 2027 онд хэрэглээгээ гүйцнэ.
Хувийн хэвшлийнхэнд талархах учиртай. Шулуухан хэлэхэд улсын төсвөөс мөнгө гаргаад эрчим хүчний станц барих боломжгүй. Иймээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах ёстой. Жишээлбэл 300 МВт-ын Тавантолгойн цахилгаан станц барихаар тендер зарлахад 598 сая ам.доллар буюу хоёр их наяд төгрөг.
Бөөрөлжүүтэд 300 МВт цахилгаан станцыг хувийн хэвшил барьж ашиглалтад оруулсан. Дахиад 300 МВт-ыг 2027, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Баян суманд 660 МВт-ын станц баригдаад 2027 онд ашиглалтад орно. Сэлэнгэ аймагт 70 МВт-ын станцыг хувийн салбар барьж байгаа. Тосонцэнгэл суманд 30 МВт-ыг барьж байгаагаас 22 МВт нь ашиглалтад орчихсон.
2026 оны I-II улиралд багтаагаад Шивээ-Овоогийн цахилгаан станцын хажууд 660 МВт-ын цахилгаан станцыг хувийн хэвшил ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.
Ямартай ч 2027 оноос цаашаа Монгол Улсын эрчим хүчний систем төвийн бүсдээ чадлын дутагдалд орохгүй" гэж тайлбарлалаа.
"Тендер авдаг янз бүрийн хүмүүс, тендерээр баяждаг компаниудыг хаасан нөхцөл бий. Надад дайснууд байгаа"
"Та ажлаа авснаасаа хойш аргална даа гэсээр өнөөдрийн нөхцөл байдалтай нүүр туллаа. Энэ хугацаанд юуг аргалсан бэ" гэх сэтгүүлчийн асуултад сайд Б.Чойжилсүрэн хариулахдаа "Сүүлийн 3-4 жил чадлын дутагдалтай байгаа нөхцөлд ямар ч байсан хөлдөөхгүйгээр, системийн тэг зогсолт хийхгүйгээр өнөөдөртэй золгосон. Энэ асуудлуудыг нэг өдөрт шийдэхгүй. 2027 он гэхэд эрчим хүчний систем чадлын дутагдлаас гарна.
Шүүмжлэл байж болно. Улстөржөөд иймэрхүү шүүмжлэл явж байгаа нь үнэн. Тендер авдаг янз бүрийн хүмүүс, тендерээр баяждаг компаниудыг хаасан нөхцөл бий. Надад дайснууд байгаа. Улстөржиж зохион байгуулалттай дайралт явуулж байгааг харж байна. 2-3 жилийн дотор байгаа хүчин чадлыг 50 хувь нэмэгдүүлсэн ч хангалтгүй байгаа. Дахиад 2-3 жил орох нь. Хэн ч байсан ийм байдалд орно" гэлээ.