Монгол Улсын Засгийн газрын 206 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ой энэ онд тохиож буй.
Тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2026 оны гуравдугаар сарын 1-ний 10:00 цагт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Ерөнхий сайд Агданбуугийн Амарын эд өлөг болон Архивын Ерөнхий газар, ТЕГ-ын Тусгай архив, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд хадгалагдаж буй архивын баримт бичиг, түүхэн гэрэл зураг, ном бүтээлийн дээжээс дэлгэн үзүүлнэ.
Агданбуугийн Амар нь 1886 онд одоогийн Булган аймгийн Бугат суманд Агданбуугийн хөвүүн болон мэндэлжээ.
Тэрээр 1924-1926 онд Аж ахуйн Яамны Сайд, 1926-1928 онд Дотоод Яамны Сайд бөгөөд Ерөнхий Сайдын жинхэнэ орлогч Сайд, Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч, 1928-1930, 1936-1939 онуудад БНМАУ-ын Ерөнхий Сайд, 1930-1932 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан XX зууны Монголын төр нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн билээ.
Үзэсгэлэн 2026 оны 03 сарын 01-15-ныг хүртэл нээлттэй ажиллана.