Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд соёл, урлагийн байгууллагууд талбай дээр ажиллаж, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Тодруулбал, хурлын Соёл, урлагийн хөтөлбөр хариуцсан ажлын хэсэг, соёл урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулах байгууллагууд, мөн цэнхэр болон ногоон бүсэд үндэсний агуулга бүхий соёлын орон зай бүрдүүлэх кураторын баг долоодугаар сарын 25-нд ажилласан байна. Энэ үеэр холбогдох байгууламжуудын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудтай тайз, техник хэрэгслийн бэлэн байдал болон зохион байгуулалтын асуудлаар санал солилцжээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Соёл, урлагийн газар нь COP17-ыг зохион байгуулах Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд хурлын цэнхэр болон ногоон бүсэд соёлын орон зай байгуулж, урлагийн бүтээлээр тохижуулах, тоглолт, үзэсгэлэн зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын түвшний уулзалт, хүлээн авалтын соёл, урлагийн хөтөлбөрийг хариуцахаар төлөвлөжээ.
Мөн хурлын үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд зориулан нүүдэлчдийн өв соёлыг сурталчлах "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль-ийг зохион байгуулах юм. Үүнээс гадна соёл, урлагийн байгууллагуудын тоглолт, үзэсгэлэн, аялал жуулчлалын үйлчилгээний мэдээллийг хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулж, үйлчилгээний чанар, орчин нөхцөлийг сайжруулах бэлтгэлийг хангаж байна.
Албан ёсны мэдээллээр COP17-д дэлхийн 195 орны 10 мянга гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Энэхүү хурал нь Монгол Улсад байгаль орчны салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, урт хугацааны санхүүжилт, хөрөнгө оруулалт татах, тогтвортой хөгжлийн бодлогоо олон улсад танилцуулах стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.
Түүнчлэн соёл, урлагийн салбарын хувьд Монголын үндэсний өв соёлыг дэлхийд сурталчлах, дэлхийн өвд бүртгэлтэй соёлын өвийг хэрхэн хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжилж буйг олон улсын зочид, төлөөлөгчдөд танилцуулах чухал боломж болохыг холбогдох байгууллагууд онцолжээ.
Эх сурвалж: Соёл урлагийн газар