Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, олон талт системд итгэх итгэл нь ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэв.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, тэр дундаа энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буйг Ерөнхийлөгч онцлов. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийлэв.
Антонио Гутерреш Монгол Улсын НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, үр нөлөөг өндөр үнэлж, бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолжээ.
Мөн Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлсэн байна.
Монгол Улс НҮБ-д 1961 онд 101 дэх гишүүнээр элссэн бөгөөд энэ онд гишүүн болсны 65 жилийн ой тохиож байна.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам