Чингис хаан Үндэсний музейн санаачилсан “Хаадын зам” арга хэмжээ эдүгээ тав дахь жилдээ үргэлжилж буй.
Тус музей нь дээрх арга хэмжээний хүрээнд “Хөх бичиг” бичиг соёлын академитай хамтран Төв аймгийн Дэлгэрхаан суманд дөрөв дэхь жилдээ “Хаадын бичээс” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулсаар ирсэн.

Үндэсний бичиг соёлын үнэт өв, түүхэн дурсгалаараа онцлог тус сумыг MOR төслийн анхны галерей байгуулах байршлаар сонгож, орон нутгийн соёлын орчныг өргөжүүлэх шинэ эхлэлийг тавилаа. Энэхүү ажлын үргэлжлэл болж MОR National Art Gallery Network төслийг эхлүүлээд байгаа билээ.

“Урлагийн шинэ мөр” НҮТББ-ын санаачилсан төсөл нь мэргэжлийн дүрслэх урлагийг орон нутгийн иргэдэд ойртуулж, хүүхэд залуусын авьяас, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх тогтвортой орон зай бий болгох зорилготой. MOR төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймагт галерейг үе шаттайгаар байгуулахаар төлөвлөж орон нутаг бүрийн түүх, соёлын өв, газар нутгийн онцлогт тулгуурласан өөрийн гэсэн дүр төрхтэй галерейг хөгжүүлж, үзэсгэлэн, сургалт, уран бүтээлчдийн хамтын ажиллагаагаар холбогдсон үндэсний урлагийн нэгдсэн сүлжээ бий болгохыг зорьж буй аж.

Төслийн нээлтэд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч Г.Бямбарагчаа, “Урлагийн шинэ мөр” НҮТББ-ын тэргүүн, MOR төслийн санаачлагч Б.Оюунсайхан болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

