fitness
  • 447 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-02-01

Шинэ коронавирусийн өвөрмөц эмчилгээ хараахан гараагүй байгаа ч өнөөдрийн байдлаар халдвар авсан 171 иргэн эдгэж, эмнэлгээс гарсныг ДЭМБ-аас мэдээлээд байна.

Хятадын зарим хэвлэлд ECMO/Extracorporeal membrane oxygenation/ буюу уушги орлуулагч аппаратыг уламжлалт эмчилгээтэй хавсарч эмчилгээ хийснээр өвчтөнүүдийг эдгээсэн талаар мэдээлжээ.

Уушгины хатгаа өвчний хүнд үед амьсгалын дутагдалд орсон тохиолдолд ашиглаж, уушгийг орлуулан, цусыг хүчилтөрөгчөөр хангадаг уг аппаратын хэрэгцээ шаардлага байгааг 2009 оны H1N1 вирусийн халдварын үеэс хойш мэргэжлийн эмч нар ярьсаар ирсэн.  

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат "Хатгаа хүндэрч амьсгалын дутагдалд орсноор өвчтөн амь насаа алдах тохиолдол гарч байгаа. Амьсгалын аппаратанд орсон хэдий ч үр дүнгүй байгаа тохиолдолд ECMO буюу уушги орлуулагч аппаратыг ашиглан, уушгийг хатууруулахгүй, сэргэх боломжтой болгодог юм.

Уг аппарат ЭМЯ-наас гаргасан эмчилгээний удирдамжид орсон хэдий ч аппарат нь өөрөө үнэтэй мөн зардал өндөртэй/нэг удаагийн хэрэгслүүд ашигладаг/ учраас олон жил яригдаад авч чадахгүй байгаа" хэмээн хэлсэн.

ХӨСҮТ-ийн дэргэдэх Томуугийн үндэсний төвөөс гаргасан тандалт судалгааны дүнгээс харахад 2019 оны эцсийн байдлаар томуугийн В хүрээний вирус зонхилж байсан бол он гараад А хүрээний H3N2 вирус зонхилж эхэлсэн байна. Энэхүү улирлын томуугийн вирус нь уушгины хатгалгаа үүсгэхээс гадна хүндрэл нь нас баралтад хүргэдэг аж.

Хүндрэл гарсан тохиолдолд ECMO аппаратыг ашиглавал зарим нас баралтаас сэргийлэх боломжтой. Өндөр настан, бага насны хүүхэд, хоол тэжээлийн хомсдлоос үүдэн дархлаа сул байгаа иргэд вирусийн халдвар авбал, хатгалгаа болох цаашлаад хүндрэл үүсэж нас барах эрсдэл өндөртэйг эмч нар хэлж байгаа юм.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч улирлын томуугийн дэгдэлт гарсан, халгалтаа ихтэй байгаа одоогийн нөхцөлд зайлшгүй хэрэгтэй хэмээн эмч нар тайлбарлаж буй ECMO аппарат дунджаар 125,000 ам.долларын үнэтэй юм байна.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл эмнэлгийн тусламжийн үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд зарим тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөсөө гаргахаар болсныг мэдэгдсэн хэдий ч худалдан авахаар төлөвлөж буй тоног төхөөрөмжийн жагсаалтад ECMO аппарат байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Сүүлийн 10 жилийн дунджаар амьсгалын тогтолцооны өвчлөлд 20.0 гаруй хувийг хатгалгаа өвчин эзэлж байгааг статитсик мэдээллээс харж болно.

2019 оны стасистик мэдээллээр уушгины хатгалгаагаар 78.141 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 431 хүн нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас  мэдээлсэн. Түүнчлэн дэлхийд жил бүр улирлын томуугийн хүндрэлээр 250-500 мянган нас баралт бүртгэгддэг бөгөөд ДЭМБ-аас 71 хүүхэд тутмын нэг нь энэ өвчнөөр өвчилж байгааг мэдээлсэн.

Хатгалгааны ихэнх тохиолдол Өмнөд Азид тохиолддог /100,000 хүүхэд тутамд 2,500 тохиолдол бүртгэгддэг бол Баруун болон Өмнөд Африк энэ тоо 1,620 байна/ бөгөөд энэ нь цаг уурын нөхцөлтэй холбоотой хэмээн тайлбарладаг.

Бусад мэдээ

Монголын буудлагын тамирчид Ази тивээс хоёр мөнгөн медаль хүртэж, олимпын эрхээ авчээ

Монголын буудлагын тамирчид Ази тивээс хоёр мөнгөн медаль хүртэж, олимпын эрхээ авчээ

Индонезын нийслэл Жакарта хотод олимпын эрх олгох буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэм

Монголын гараар татах хүчний тамирчид Дэлхийн цом өвөртлөн ирлээ

Монголын гараар татах хүчний тамирчид Дэлхийн цом өвөртлөн ирлээ

Казахстан улсын Алмата хотод энэ сарын 17-19-ний өдрүүдэд болсон гараар татах хүчний дэлхийн цомын т

Hunnu Admin
Hunnu Admin