fitness
  • 608 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-02-01

Өнөөдөр (2020.020.02) Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой тохиож байна. Түүний мэндэлсэн өдрөөр "Сүхбаатар" шинэ эриний Монгол жанжины намтарчилсан комик номын нээлт боллоо.

Нийт түүхэн 10 цуврал бүтээл гарах бөгөөд өнөөдөр эхний хоёр номыг уншигчдийн хүртээл болгоход бэлэн болгожээ. Үлдсэн 8 номыг ирэх 6 дугаар сард багтаан гаргана. Мөн хүүхэд, залууст зориулсан 10 цуврал анимейшн, радио жүжгийн бүтээлийг гаргах юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2018 онд эхлүүлсэн уг төслийн багт комик зураач, зохиолч  Н.Эрдэнэбаяр, сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу, түүхч, доктор Н.Хишигт, судлаач Б.Бат-Эрдэнэ, Н.Дэмбэрэл, Э.Тамир нар ажиллажээ.

 
 
 
 

УИХ-ын дарга Г.Занданшатар, “ХХ зууны түүхийг орчин үеийн арга хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаад баяртай байна. Энэ үеийн түүх коминтерны шахалтаар гажуудаж, гуйвуулагдсан байдгийг түүхч, судлаачид тогтоож байна. Энэ дундаас хамгийн олзуурхууштай зүйлсийн нэг нь Ардын хувьсгал бол үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө агуулгатай, түүхэн шинж чанараараа үндэсний ардчилсан хувьсгал байсныг түүхийн баримтаар нотолж байгаа явдал юм.

Тухайлбал, 1923 онд Нутгийн захиргааны дүрэмд “…Ван, гүн, ноёдын эрх хэмжээг хязгаарлаж, 10 гэрийн хурлаас эхлэн сум, аймаг, хошуу, улсын их хурлуудыг дэс дараалан байгуулж, аливаа хэрэг явдлыг шүүн хэлэлцэж, ололнхын саналаар шийдвэрлэж байвал зохино. …Улсын ба аймаг, хошуу, сум, баг, 10 гэрийн даргыг сонгохдоо ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг бодох бөгөөд цэвэр шударга, чадвар бичиг үсэгт боловсронгуй, өөр өөрийн оролцсон явдлыг магадаар бүтээн чадах хүнийг сонговол зохино” хэмээн заасан нь жинхэнэ төлөөллийг ардчиллыг нэвтрүүлсэн хэрэг юм.

Мөн Ардын намын дүрмийн эх зохиогчдын нэг Жамсрангийн Цэвээн Ардын засаг гэж бичээд (Демократия) гэж хашилтад тэмдэглэж үлдээсэн нь архивын баримтад тодхон үлджээ. Энэ мэтчилэнгээр түүхийн шинэ баримтуудаар гажуудсан түүхийг засаж залруулж, хойч үедээ үнэн зөвөөр үлдээх боломж бий болж байна. Энэ 10 цуврал түүхэн комик бүтээл Д.Сүхбаатар судлалыг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гээд жанжин Д.Сүхбаатарын үйл хэрэг, захисан үгсийг нь хойч үе маань үргэлж санаж явах учиртайг онцлов.  

Сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу:

- Олон нийтэд зориулсан анхны түүхэн комик бүтээл болж байгаагаараа онцлогтой. Бүх насныханд зориулсан, түүхэн комикийг жинхэнэ дэг ёсоор нь хийсэн учраас ингэж хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр Монголын 2000 жилийн түүхийг комик хэлбэрээр гаргах төслийн эхлэл болж байгаа. Энэ эхлэлийг Д.Сүхбаатар жанжинаар тавьсан. ХХ зууны түүхэнд түүнээс өөр алдар нэрээ ингэж тодоор цуурайтуулсан хүн байгаагүй. Тэр үед Богд хаан, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэр бүү хэл Чингис хааны нэр алдар ч Сүхбаатараас бүдэг байсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатарын хөшөө талбай дээр байна, мөнгөн тэмдэгт дээр түүний хөрөг байна, төрийн одон медаль хүртэл байна гээд тоочвол ХХ зууны хамгийн нэр алдартай хүн байжээ гэж хэлж болохоор байгаа юм. Хэдийгээр 30 гаруйхан насалсан ч гуравхан жилийн цогтой тэмцэл нь түүнийг алдаршуулсан. Монголын хувь заяаны төлөө өөрийгөө зориулсан үнэн бодит түүхийг хойч үеийнхэндээ үлдээхийг зорьж ажилласан.

Комик зураач, зохиолч  Н.Эрдэнэбаяр:

- Бид бүгд түүхээ сайн мэддэг гэж боддог. Гэтэл яг ярихаар мэддэггүй.  Жишээлбэл, жанжин Д.Сүхбаатар гэдэг хүнийг бүгд таньдаг мөртлөө ямар хүн байсан бэ? гээд асуухаар хувьсгал хийсэн гэдгээс цааш мэддэггүй юм байна гэдгийг судалгаа хийж байх үедээ ажигласан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би бараг Сүхбаатар судлаач болох дөхлөө шүү дээ. Уншиж судлаад, түүхчидтэй уулзаад явж байхдаа би өөрөө ч түүхээ сайн мэддэггүй гэдгээ анзаарлаа.

Тухайлбал, Сүхбаатар жанжин 1922 онд болсон анхны улсын наадамд 20 харваж түрүүлсэн. Богд хаанаас дөрвөн удаа бэйс цол хүртэж байсан гэх мэтчилэн хүмүүсийн тэр бүр мэддэггүй олон сонирхолтой баримт байдаг. Энэ бүгдийг комиктоо оруулахыг хичээсэн. Хүүхэд, залуустаа бид түүхээ сайн хүргэх ёстой юм байна.  Гадны түүх соёлыг судлаад уншаад байдаг мөртлөө өөрийнхөө улсын түүхийг мэдэхгүй байж болохгүй. Тиймээс илүү хялбаршуулсан аргаар, зурган хэлбэрээр үнэн бодит түүхийг хүргэхийг энэ төслөөр зорьж байна.

 

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусад мэдээ

Допингийн шинжилгээг хууль бусаар авсан байж болзошгүй хүмүүсийг мөрдөн шалгаж байна

Допингийн шинжилгээг хууль бусаар авсан байж болзошгүй хүмүүсийг мөрдөн шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээн

Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ

Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ

АНЭУ-д туялзуур сэлэмний олимпын эрх олгох тэмцээн болоход манай улсаас дасгалжуулагч Д.Ганбаатарын

Hunnu Admin
Hunnu Admin