Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгыг ажлын байрандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутган гомдол гаргасан Ч.Ханддулам шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орохоор болжээ.
Тэрбээр Б.Эрдэнэтулга согтуурсан үедээ зөвшөөрөлгүй биед нь хүрч, шөнийн цагаар хувийн асуудлаар мессеж бичих, өрөөндөө олон удаа дуудах зэргээр ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдэгдсэн юм. Улмаар эдгээр үйлдлийг эсэргүүцэж, гомдол гаргасныхаа дараа ажлын байрандаа дарамтад өртөж, эцэст нь ажлаасаа халагдсан гэдэг.
Ч.Ханддулам энэ талаар Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан бөгөөд түүнээс хойш эрхээ хамгаалахаар жил гаруйн хугацаанд шүүхээр маргалдсан байна. Тэрбээр “1.7 жил гаруй хугацаанд үргэлжилсэн маргаан минь эцэслэж, бүтцээр албан тушаал бууруулж, эрх зүйн байдлыг дордуулж, хууль бусаар ажлаас халсан болох нь тогтоогдон, ажилдаа эгүүлэн томилогдохоор боллоо” гэж бичжээ.
Мөн давж заалдах шатны шүүх түүнийг хууль бусаар ажлаас халсан болохыг тогтоосон бөгөөд Монгол Улсын Дээд шүүх хэргийг хяналтын журмаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.