Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдэгдэл гаргасныг хүргэж байна.
-“Нью Тур” ХХК нь дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд орон сууц барьж байгаа үйл ажиллагаа нь Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийг зөрчсөн эсэхийг сурвалжлан, олон нийтийн мэдэх эрхийг хангахаар мэргэжлийн үүргээ гүйцэтгэн ажилласан Tsahiur.mn сайтын сэтгүүлч, зураглаачийн эсрэг гэрээт харуул, хамгаалалтын “Шинэ соёмбо” компанийн хамгаалагчид хүч хэрэглэсэн явдал нь нийтийн эрх ашиг, хэвлэлийн эрх, эрх чөлөөний эсрэг ноцтой үйлдэл хэмээн үзэж Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл эрс эсэргүүцэж байна.
Улс төрийн эрх мэдэлтэн төрийн тусгай хамгаалалттай газрыг бизнесийн зорилгоор эзэмших явцдаа нийтийн эрх ашгийн эсрэг хууль зөрчин, дураар авирлаж байж болзошгүй нөхцөл байдлыг сурвалжлан мэдээлэх гэсэн сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулан хүч хэрэглэсэн бусармаг үйлдэлдээ “НьюТур” болон гэрээт харуул хамгаалалтын “Шинэ Соёмбо” компанийн удирдлага, ажилтнуудыг сэтгүүлчдээс даруй уучлал гуйхыг шаардаж байна.
Түүнчлэн дээрх шударга бус үйлдэл, дабль стандартыг таслан зогсоох, иргэдийн мэдэх эрх, хэвлэлийн эрх, эрх чөлөөний эсрэг энэ мэт удаа дараагийн халдлага дахин давтагдахаас сэргийлэх, шударга ёсны төлөө дорвитой ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, Дотоод хэргийн яам болон төрийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас шаардаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.
Шаардлагын хариуг даруй мэдэгдэхгүй тохиолдолд МСНЭ манлайлан сэтгүүлчид дараа дараагийн шатны тэмцлийн хэлбэрт шилжих болно.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ