Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.
- Монголын баялаг түүхтэй, өвөрмөц, давтагдашгүй гайхамшигт урлаг болох туулийг хэдэн наснаасаа эхлэн сонирхож бас сурсан бэ?
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумынд төрж өссөн. Би Алтайн урианхайн туульч. Бага наснаасаа л үлгэр, домог шимтэн сонирхож, настан буурлуудынхаа өвөр дээр эрхэлж өссөн. Миний ээж, эмээ хоёр хэлэмгий, цэцэн хүмүүс. Манай хажууд “шалдгар” Цээрэн гэж гайхалтай, авъяастай буурайгийнх байсан юм. Цээрэн хөгшин аав тууль аялгуулдаг, цуур тоглодог, бөх морины цол дууддаг, сайхан үлгэр домог ярьдаг, төвд ном уншдаг гээд элдэвтэй хүн байсан. Тэр буурайгийнхаа өвөр дээр тоглож, сурыг нь татаж өгч, аяган дахь ааруулыг нь идэж, сур хийлцэнгээ үлгэр, домгууд сонсож хүүхэд нас өнгөрсөн. Байгаль, баян алтай, уул усандаа бүр жаахан байхаасаа л залбирч, толгой холбон сэтгэлийн үгс хэлчихдэг байв. Энэ бүхэн их өвийг өвлөх гол түлхүүр болсон.
Товшуурыг бариад л шууд тоглочихсон. Алтайн магтаалыг ч гэсэн өөрийн мэдрэмжээр хайлчихсан. Самжид гуай их урам өгч “Харгил хар баатар” гэдэг туулийн бэсрэг хувилбарыг зааж өглөө. Энэ туулийг Цээрэн хөгшин аав аялгуулж хэлдэг байсан болохоор надад шууд хайлахад амар байсан. Ингээд л урамшаад туулиа хайлаад явж байна даа.
- Тууль гэж юу вэ. Туульч гэж хэнийг хэлэх вэ?
Туульч хүн төрдөг. Хүн болгон туульч болох боломжгүй. Тэр их олон мянган мөр шүлгийг цээжлэх ч боломжгүй. Ер нь тууль гэдэг бол хүний сайхны төлөөх хүслэн шүү дээ. Эсвэл өмнө цагт гайхалтай гавъяа байгуулж байсан бодит баатруудын дүрээр бүтсэн оюун санааны бүтээл. Сайхны төлөөх хүслэн гэдэг нь ард түмэн дээрээс ноёлох ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй, бур бур хийсэн хуртай, сэр сэр хийсэн салхитай бумын сайхан оронд үргэлжийн 25 насны дүрээр амьдрах ийм л сайхан амьдралын төлөөх хүсэл, тэмүүлэл туулиар илэрхийлэгддэг.
Нэг ёсондоо энэ цагт биеллээ олж байгаа паартай байшинд амьдарч, паалантай жорлон дээр сууж буй нь нэгэн төрлийн хүсэл биелж байна л гэсэн үг.
Туульч хүний оюун ухаан тууль хайлах үеэр хийсвэр орон зайд шилжээд тодорхой хэмжээний трансд орчихож байгаа юм. Тэр хийсвэр орон зайд харсан үйл явдал, орны дүрсийг үгээр шүлэглэн илэрхийлж, ая дантай хамсуулан бодит орчинд хүмүүст сонсгодог. Байгалийн болон далдын ямар нэгэн хүчний нөлөөтэй зүйл.
Дээл хувцсаа өмсөөгүй, товшуураа бариагүй энгийн үед бол тийм олон мянган мөр шүлэг гарах боломжгүй.
- Тууль яагаад заавал хайлах ёстой вэ. Туулийг хэзээ хайлдаг вэ?
Тууль нэгдүгээрт зан үйлийн шинж чанартай. Аливаа гай зэтгэр дарах, улс орон дэлхийн эзэд, орчлон тэнгэрийн сахиус эздийг баярлуулах, номхруулах гээд цаанаа нарийн учиртай. Жишээлбэл, Алтайн урианхайн туульд л зөвхөн байдаг хүүхэдгүй айлд хүүхэд заяалгах агуулга, домтой туулиуд, цөвүүн цагт хайлах туулиуд гээд олон бий.
Туулийг өвлийн эхэн сараас Цагаан сарын битүүн хүртэл хайлна. Энэхүү дэг жаяг урианхайн туульчдад л бий. Урианхайд тэнгэр дуугарснаас хойш тууль хайлдаггүй. Хэрэв зун хайлах шаардлага гарвал өөр дом, зан үйл хийж байж хайлна.
- Тууль хайлахад нарийн дэг журамтай гэдэг. Чухам яагаад заавал түрүүлж Алтайн магтаал хайлдаг вэ?
Өө олон нарийн дэгтэй. Тууль хайлуулахад тухайн хайлуулах айлын өрхийн тэргүүн долоо хоногийн өмнө туульчийндаа морилж хадаг яндартай “манайд тийм тууль хайлж өгнө үү” гээд залдаг. Мөн тууль хайлахын өмнө баян алтайн эзэн савдаг, тэнгэр нэрийн эзэд зэргийг урин залж тайтгаруулах үүднээс Алтайн магтаалаа хайлна. Энэ тухай домог ч бий. Хөлгөн туульчид бүр Алтайн магтаалын өөр өөр хувилбартай. Өөрсдийн гэсэн нутаг орны ялгаатай учраас энэ цэцлэлт нь хүртэл тухайн мөчид өөр өөр мөртөөр орж ирнэ. Алтайн магтаалыг ч мөн цээжлээд байхгүй.
- Тууль, туульчийг амилуулдаг зүйл нь юу вэ?
Товшуур хөгжим, туульчийн өөрийн гэсэн өнгө, дээл хувцас, тухайн орчин нөхцлийн байр байдал зэрэг зүйлс тууль, туульчийг амилуулдаг. Хаа хамаагүй газар ч туулийг хайлж болохгүй.
- 2012 онд “Монгол туульс хөтөлбөр” гэж хэрэгжсэн. Ямар үр дүнтэй байв. Өвийг төрийн бодлогоор хэрхэн дэмждэг вэ?
Тухайн үед Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж байлаа. Сайд байсан Ц.Оюунгэрэл туулийг хөгжүүлэхэд их дэмжсэн ажилласан. Энэ хүрээнд яг туульч мөн үү биш үү гэдгийг тодруулах үүднээс шинжлэх ухааны байгууллагууд, Соёлын өвийн төв, яам, мэргэжлийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн байдлаар туульчдын “Урын сангийн улсын уралдаан” гэж зохион байгуулсан. Энэ үеэр жинхэн туульчид тодорч гарч ирсэн дээ. Миний хувьд “Харгил хар баатар, Аргил цагаан өвгөн, Ана мэргэн хаан” гэх мэт туулиудаар оролцсон. Мөн 2013 оны зун “Төв Азийн туульчдийн симфозум” гэж арга хэмжээ болох үеэр туульчдад мэргэжлийн туульч гэдгийг илтгэх малгайн тэмдэг, батламж зэргийг өгсөн. Монгол тууль хөтөлбөр маш сайн хэрэгжсэн гэж үнэлдэг.
- Судалгаа шижилгээний ажил их чухал байдаг уу?
Тууль хайлдаг ахмад хүмүүсээс үг шингээх, одоо цагт ном товхимол, дээр үеийн туульчдын хайлсан туульсийг сонсох гээд туулийн талаар мэдлэг, өвөө баяжуулахад олон талын боломж бүрдсэн. Туульчдад яг багш гэж байдаггүй. Өөр туульчдын ч хайлдаг туулийг өвлөөд л явж байдаг. Өөрөөр хэлбэл, нэг нэгнээсээ туульсаа уламжлаад явна гэсэн үг.
- Соёлын биет бус өвийг хамгаалах баримтжуулах сурталчилан таниулах ажлын хүрээнд ямар ажлыг зохион байгуулж байна вэ?
Сүүлийн үед бол нэг их дорвитой ажил хийгдсэнгүй.
- Туулийг Юнеско зайлшгүй хамгаалах биет бус өвөөр бүртгэсэн. Харин хамгаалж авч үлдэхийн тулд залгамж халаагаа бэлдэх нь чухал уу. Аюул нь юу вэ?
Хамгийн чухал зүйл бол залгамж халаа. Удам судартай, байгалийн өгөгдөлтэй тийм шавь, хүүхэд хамгаас чухал. Харамсалтай нь тийм өгөгдөлтэй дур сонирхолтой хүүхдүүд тун ховор байна. Миний хувьд нас залуу учраас одоохондоо шавь дагуулахад эрт байгаа. Бараг дэлхий дээр хөлгөн туульч тавхан л байна шүү дээ. Бид хэд асуудал болоод туулиа хайлахаа болиллоо гэхэд энэ өв хайлагчгүй бол устана. Эрсдэл энэ л байна. Мөн ийм онцгой өв тээгчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх, дэмжлэг ч гэсэн хэрэгтэй.
- Туульчдаас төрийн соёрхол хүртсэн байдаг. Таныг төрийн соёрхолт болно гэдэг итгэж байна.
Таны ерөөл бат сайхан шингэх болтугай. Ажил үйлс нь үргэлж дэлгэрч яваг.
- Танд баярлалаа