Улс төрийн намууд өчигдөр Төрийн ордонд “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал дээр цугларлаа. Туулай жилийн босгон дээр тэд хуралдаж, улс төрийн намын авлига болон Улс төрийн намын тухай хууль ба санхүүжилт тойрон ярилцсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болсныг ил мэдэгдлээ.
Түүгээр ч зогсохгүй сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрч байгааг өөрчлөх ёстойг санууллаа. Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн Дубайн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг үйлдлүүдээс нэгэнт ил болж, асуудлыг хэлбэрийн биш агуулгын түвшинд, тогтолцооны түвшинд авч үзэхгүй бол бид авлигаасаа салж чадахгүй гэдэгтэй улс төрийн намууд санал нэгдэж байна. Мөн хамгийн бага зардлаар, бодлого уралдуулдаг нээлттэй мэтгэлцээнд тулгуурласан сонгуулийн эрхзүйн орчныг бүрдүүлж, улс төрийн нам болон нэр дэвшигчийг нууцаар санхүүжүүлсэн далд тогтолцооны хариуцлагыг чангатгах хэлбэрт шилжих МАН-ын даргын санаачилгыг дэмжлээ.