Нийслэлийн прокурорын газраас Капитал банкны гүйцэтгэх
захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нар нь Монголбанкнаас тогтоосон банкны
өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн
зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас Капитал банкийг
төлбөрийн чадваргүй болгож, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж
ахуйн нэгж, төрийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт
Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 /Банк хууль бусаар байгуулах, банкны
төлбөрийн чадвар алдагдуулах/-т зааснаар
яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2023 оны хоёрдугаар
сарын 03-ны өдөр хуралдсан боловч А.Ариунболд, түүний өмгөөлөгч нар өвчтэй гэх
шалтгаанаар 27-ны өдрийг хүртэл хугацаанд хойшлон хуралдсан. Улмаар улсын
яллагчаас хохирлын хэмжээг тогтоосон шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах
хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хуралдааныг 2023 оны гуравдугаар сарын 07-ны
өдрийн 12.30 цагт дахин товложээ.
Тус эрүүгийн хэрэгт шинжээчээс А.Ариунболд нарын Капитал
банк, харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлын хэмжээг буюу банкны актив
пассив хөрөнгийн зөрүүг 104.6 тэрбум төгрөгөөр тогтоосон бөгөөд хэрэв энэ
дүнгээр тогтоох тохиолдолд Эрүүл мэнд, Нийгмийн даатгал болон төрийн бусад
байгууллагын нийт 330 гаран тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулах
боломжгүй нөхцөл байдал үүсэх юм байна. Шүүх
хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй
явагдана.