Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхлэв.
Хуралдааны эхэнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ талаар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурал 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг эцэслэн баталсныг Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна. Улсын Их Хурал уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн, эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан болохыг Я.Содбаатар дарга танилцуулав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар тус тус нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын Б.Энх-Амгалан санал, дүгнэлтдээ дурдаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 81.8 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэн болохыг тодотгов.
Мөн Хууль зүйн байнгын хороо 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг дурдаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Д.Ганбат, Ж.Батсуурь, Б.Баярсайхан нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Энхболд, Г.Дамдинням, нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Хуулийн төслийг дахин өргөн мэдүүлэх эсэх, олон нийтээр хэрхэн хэлэлцүүлэх талаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг тодруулахад, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан "Энэ хуулийн хэрэгцээ, шаардлага, ач холбогдлыг ойлгож, хийгүй, чамбай хууль батлах шаардлагатайг Монгол Улсын Ерөнхийлөгч хоригтоо дурдсан. Тиймээс Засгийн газар энэ хуулийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлсэнтэй бид санал нэг байна” хэмээн хариулав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Цахим орчин, олон нийтийн сүлжээнд эрх зүйн зохицуулалт хийх шаардлага Монгол Улсад байгаа бөгөөд ямар хуулиар, хэрхэн зохицуулах нь парламентын бүрэн эрхийн асуудал" гэлээ. Олон нийтийн сүлжээ, цахим орчинд байгаа мэдээллүүд сэтгэл эмзэглүүлж байна гээд цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж, залилангийн гэмт үйлдэл нийт гэмт хэргийн 51.1 хувийг эзэлж байгааг дурдав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихдаа цахим орчинд олон улсын сайн жишгийг нэвтрүүлж, эрдэмтэн судлаачдын санал байр суурь, эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын санал, бодлыг сонсож, олон талаас нь хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн. Үүнтэй Улсын Их Хурлын гишүүд санал зөрөхгүй байх хэмээн хариулт өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны дараа хүний эрх нь зөрчигдөж байгаа асуудал болон олон улсын сайн туршлагуудыг судлаад хуулийн төслийг дахин хэлэлцэж, яаралтай батлах нь зүйтэй гэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихдаа, хуулийн төслийн хэлэлцүүлэгт олон нийтийн оролцоо хангалтгүй байсан гэх шалтгаанаар хориг тавьсан. Хуулийн агуулгатай холбоотой ямар ч үг, үсэг байхгүйг тодотгоод орон нутгаар ажиллах үед иргэдийн ярьж, дэмжиж байсан хуулиудын нэг нь энэ хууль байсан тул хоригийн үндэслэлийг сайн ойлгоод, дахин хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Ингээд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 89.1 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоол батлагдав.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Байнгын хороод, ХЭҮК хамтраад төслийг шинэчлэн боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн дахин өргөн мэдүүлэхийг чиглэл болгов
Монгол Улсын Засгийн газраас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг 2022 оны намрын ээлжит чуулган хаахаас хэдхэн хоногийн өмнө буюу 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-д заасны дагуу нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Төслүүдийг дэг зөрчөөд хэлэлцсэн юм шиг зарим гишүүн яриад байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хоригт ч ийм санаа байна. Хуулиа зөв хэрэглэх хэрэгтэй.
Хууль тогтоомжийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4.1, 3.4.3-т заасан асуудлаар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагагүй гэсэн. Нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурал дараалал харгалзахгүйгээр хэлэлцэх үүрэгтэй. Улс оронд нэн яаралтай асуудал тохиолдоно, гэсэн ч бид энэ хуулийн заалтаа өөрчлөх шаардлагатай болж байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.8-дахь хэсэгт “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно” гэж заасан. Хуулийн энэ заалтын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшөөрлөө ирүүлснийг үндэслээд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо холбогдох хэлэлцүүлгүүдийг явуулаад, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд хуралдсан. Үндсэндээ тав хоног хэлэлцэж, хууль баталсан.
Цаашдаа хууль тогтоолын төслийг санаачлах, боловсруулах, олон нийтийн хэлэлцүүлэг хийх, эрх зүйн дүгнэлтийг өргөн мэдүүлэхдээ, олон нийтэд сурталчлахдаа, хэрэгжилтийг зохион байгуулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийг ягштал мөрдөх нь зүйтэй. Цаашдаа бид Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдээс нэн яаралтай горимоор хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлэхэд Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг бүрэн хангасан байхыг шаардана. Тодруулбал, олон нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлээгүй, ил тод, нээлттэй байх зарчим, олон нийтийн оролцоог хангаагүй, судалгаа шинжилгээнд үндэслээгүй хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхэд хүлээн авахаас татгалзах үед Улсын Их Их Хурлын Тамгын газрыг “Та нар Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах эрхэд халдлаа” гэх шаардлага тавьж болохгүй.
Улсын Их Хурлын гишүүдийн олонх хүний эрх, эрх чөлөөг олон нийтэд сүлжээнд хамгаалах эрх зүйн харилцааг шинэ тутамд зохицуулж байгаа анхдагч хууль болохын хувьд энэ хуулийг олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авч, тал бүрээс нь нухацтай хэлэлцүүлээд дахин өргөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн саналуудыг хэллээ. Дижитал орон зай, олон нийтийн сүлжээний зөв хэрэглээ нь хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх шинэ арга хэрэгслийг бий болгож, иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын зэрэг бүх эрхэд эерэг нөлөө үзүүлдэг. Харин үүний нөгөө талд, зарим хэсэг бүлэг энэ орон зайг гадаад, дотоодоос цахим дарамт, хүчирхийлэл, доромжлолын талбар болгон буруугаар ашиглах эрсдэл бий.
Сая Нэгдсэн Үндэстний Байгууллагаас эмэгтэйчүүдийн олон улсын эрхийг хамгаалах өдрийг “Эмэгтэйчүүд нийгмийн сүлжээнд хамгийн их хохирч, ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа учир хамгаалах шаардлагатай” гэх агуулга бүхий уриатайгаар тэмдэглэсэн.
Олон нийтийн сүлжээнд хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Олон нийтийн сүлжээг буруугаар ашиглах явдал нь тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд хүргэж байгааг анхааралдаа авах шаардлагатайг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооноос гишүүн улсуудад сануулж, зөвлөж байна.
Ийм учраас Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцын хүрээнд цахим орчинд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан, хүний бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц, аливаа төрлийн хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, уриалсан үг хэллэг, агуулга бүхий зөрчилтэй контентыг хязгаарлах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнээс залуучууд, өсвөр үеийг хамгаалах, нийгмийн сүлжээн дэх цахим луйвар гэх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь төрийн үүрэг мөн. Иймд төр үүргээ биелүүлж, цахим орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж олон улсын хэмжээнд үзэж байна.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг Улсын Их Хурлын олонх гишүүн дэмжлээ. Тэгэхдээ, энэ төрлийн эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэдэг байр суурийг олон гишүүн илэрхийлсэн тул Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтраад хэлэлцүүлэг зохион байгуулж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлж дахин өргөн мэдүүлэхийг чиглэл болгож байна.
“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлэв
Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар маргааш болох “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсад орчин үеийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан нийт эрчүүд, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан, алба хаагчид, чөлөөнд байгаа генерал, офицер, ахмад дайчид, улаан залаат хөх Монголын удам залгасан Чингисийн эр цэргүүдэд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс, хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ өдрийн гол агуулга нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй байдал, аюулгүй байдлын төлөө тангараг өргөж зүтгэсэн эх орны жинхэнэ эр цэргүүдээрээ бахархаж, хүндлэн дээдлэхэд чиглэгддэгийг дурдаад эр цэргийн дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг сэргээхэд чухал ач холбогдолтойг тодотгов.
Мөн эх орныхоо дайчин харуул болсон эр цэргүүд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, хил хязгаарын халдашгүй байдлыг нэр төртэй хамгаалахын сацуу улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжил, ард иргэдийнхээ амгалан тайван амьдралыг сахин хамгаалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирснийг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд “Монгол цэргүүд дэлхийн халуун цэгт энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн жавхаа, хийморийг дэлхий дахинд дуурсгаж байна. Энхийн цагт аюул осол, өвчин гамшиг, хэрэг зөрчлөөс иргэдээ авран хамгаалах үйлсийг нэр төртэй гүйцэтгэж байгаагаар бид бахархдаг. Эх орноо батлан хамгаалах эрэлхэг цэрэг, хүндэт дайчид Та бүхэндээ алтан соёмбот төрийнхөө далбаан дор өргөсөн тангарагтаа үнэнч байж монгол цэргийн суу алдрыг эгнэгт бадраан мандуулах ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол цэргийн яруу алдар бадартугай” гэв. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.