2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай удирдамжаар эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн олон нийтийн мэдээлэх хэрэгслээр явуулж буй зар сурталчилгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын явцад эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн үйлчилгээ эрхлэгчид нь эмчилгээ үйлчилгээндээ хямдрал урамшуулал зарлах, магтах, үйлчлүүлэхийг уриалах зэргээр үр дүн амласан зар сурталчилгаа явуулж байгаа нийтлэг зөрчил илэрч байна.
Энэ нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т заасан “Дараах зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно” гэж, 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж, 13.7-д “Эмнэлгийн байгууллагын талаарх зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана” гэж, 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн тул нэр бүхий 5 аж ахуй эрхлэгчид Зөрчлийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тус бүрд 5 сая төгрөгийг торгууль ногдууллаа.
Эх сурвалж: ШӨХТГ