“Эрдэнэставан толгой” ХК-ийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж, нийт 62 тэрбум төгрөгийн төлбөр тогтоосноос 13 тэрбум төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг нэхэмжлэгч хуулийн этгээд эс зөвшөөрч, маргажээ.
Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолоор баталсан журмаар экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцохоор тогтоож, 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтлахаар зохицуулжээ.
Татварын улсын байцаагч нараас “2019 оны 7, 8 дугаар сарын ашигт малтмал ашигласны төлбөрийг жишиг үнийн аргаар тооцож тайлагнана” гэж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс “Засгийн газрын тогтоол гарсан үеэс эхлэн дагаж мөрдөх тул 9 дүгээр сард жишиг үнээр, 7, 8 дугаар сард тухайн үед үйлчилж байсан журмын дагуу гэрээний үнээр буюу 2014 оны 220 дугаар тогтоолоор тооцно” гэж тус тус маргасан, анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн зөрчилд холбогдуулан хууль хэрэглээний дүгнэлт хийхгүйгээр, нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн нь буруу болжээ.
Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд “эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй” байх суурь зарчмыг баримталдаг, энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн төлбөл зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн журам нь гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй.
Тодруулбал, 2019 оны 7, 8 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй, дагаж мөрдөгдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар журмыг хэрэглэж, татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцох нь маргааныг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж шийдвэрлэх зарчимд нийцэхгүй, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаас холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ