fitness
  • 469 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-21

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ болох эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээг хүүхэд бүрт хүртээмжтэй, цогц байдлаар үзүүлэхэд салбар дундын ойлголцол, хамтын ажиллагаа шаардлагатай байгааг үндэслэн салбар дундын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд ээлжилт хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яам зохион байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, олон улсын байгууллагын төлөөлөл болон  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 төрийн бус байгууллага, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.   
Эрүүл мэнд, Боловсрол, шинжлэх ухаан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны товч мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.  
Эрүүл мэндийн салбарт хууль эрх зүйн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэрэглэх Монгол Улсад эмийн бүртгэлд бүртгэлгүй 10 нэрийн эмийг “Өнчин эмийн жагсаалт”-д нэмж баталсан, “Нярайн шарлалтын үеийн оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн зааврын боловсруулж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтын хэрэгжилтийг сайжруулах хүрээнд гарсан саналыг дэмжин тушаалын хэрэгжилтэд үнэлгээ хийж, шаардлагатай бол шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийнхантай уулзаж “Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах”-д хамтран ажиллах чиглэлээ хэлэлцсэн.
“Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 7-ны ээлжит хуралдааны шийдвэрээр “Авлигаас хураасан хөрөнгийг эх, хүүхдийн эмчилгээ, тусламжид зориулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан нь цаашид эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн нэмэлт эдийн засгийн эх үүсвэр бүрдэж байна.



Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн үзүүлэлтээс харахад 2023 оны эхний улирлын байдлаар хүүхдэд чиглэсэн 12 нэр төрлийн тусламж, үйлчилгээнд нийт 51.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байна. Үүнээс хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн тусламж, үйлчилгээ болон түргэн тусламж нь нийт санхүүжилтийн 75,8 хувийг эзэлж буй юм.  
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх сэргээн засах эмчилгээнд энэ оны эхний улирлын байдлаар 10 458 тохиолдолд 1.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
БНТУ-ын Лив эмнэлгийн  зочин профессорыг Монгол Улсад урьж энэ сарын 12-16-ны хооронд УГТЭ-т өмнө мэс засал хийсэн 5 хүүхдийн хяналтын үзлэг, шинээр 50 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, 9 хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах хагалгаанд орох заалт, оношийг тогтоолоо.
Мөн ЭХЭМҮТ-д хяналтад байдаг ходоодны гастростомийн гуурс шаардлагатай найман хүүхдэд гуурсыг олгосон. Тус төвийн 20 төрөлжсөн мэргэшлийн эмчийн багаар 168 хүүхдийг үзлэг оношилгоонд хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгаа, оношилгоо, хөгжлийн бэрхшээлд хүргэж байгаа шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс зэрэг таван чиглэлээр судалгаа хийж, ховор тохиолддог эмгэгийн оношилгоо эмчилгээг сайжруулахад чиглэсэн гадаадын туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, хэвтүүлэн эмчлэх тасагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулж  хоёр ор бүхий өрөөг тохижуулсан.  
Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогц тусламж, үйлчилгээ үзүүлдэг “Төрөлжсөн мэргэжлийн баг” нийслэлд 6, орон нутагт 19 байна. Төв аймаг, Говьсүмбэр, Дундговь аймаг төрөлжсөн мэргэшлийн багаа байгуулаагүй учраас бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах боломжгүй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэн шаардлагатай эмийн санхүүжилтийг харвал 2023 оны эхний улирлын байдлаар 14 нэрийн эмэнд нийт 194.1 сая төгрөгийн санхүүжилтийг ЭМДС-гаас олгосон. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэрэглэх 49 нэрийн эм бүртгэлтэй байна.  Дотооддоо 4 нэрийн уналт таталтын эсрэг эм үйлдвэрлэж, 45 нэрийн эмийг нийт 12 улсаас импортлож байгаагийн ес нь эмийн хатуу зохицуулалттай улс байна.



Монголд бүртгэлтэй болон нэг удаагийн импортын лизензээр импортолсон нийт олон улсын нэршлээр 53, худалдааны нэршлээр 93 нэрийн уналт таталтын эсрэг эмээс 30-аас дээш хоногийн нөөцтэй 16, 30-аас цөөн хоногийн нөөцтэй 7 нэр төрлийн эм байгаа бөгөөд худалдан авалт, нөөцийн тасалдалгүй байдлыг хангахад онцгой анхаарч байна.
Эрүүл мэндийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэх эм бүртгэлийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, эмийн худалдааны үнэд хяналт тавих, эмийн хэрэгцээг тооцоолон олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах, нэн шаардлагатай, цөөн тоогоор хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж байна.
2022 оны тавдугаар сарын 1-нээс улс даяар эхлүүлсэн Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 3, 9, 18, 36 сартайд нь хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалыг тусгасан. Энэ оны эхний улирлын байдлаар  эрт илрүүлэгт нийт 900 шахам мянган хүн хамрагдсаны 50-иас илүү хувь нь 0-17 насны хүүхэд. Үүнээс 0-5 настай хүүхдийн 24.2 хувьд, 6-17 настай хүүхдин 76 хувьд  өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд зонхилон тохиолдох өвчлөлд шүд, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, нүд, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг орж байна.



Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулахын  хамт  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэхэд эрүүл мэндийн салбарын хүрээнд анхаарах асуудлын талаар бйар сууриа илэрхийлсэн.
Салбар дундын хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар тус тусын салбарт хэрэгжүүлсэн ажил бодлого шийдвэрийнхээ талаар мэдээлэл өгч, “Дохионы хэл ба хуулийн хэрэгцээ”, “Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн хүртээмж”, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн чиглэлээр тулгамдсан асуудлыг хэлэлцэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудын талаар энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхан, эцэг эхийн төлөөлөл санал бодлоо хэлсэн.


Бусад мэдээ

Үндэсний бичгийн зөв бичих дүрмийг батлуулж, толийг нэгтгэн хэвлүүлэхийг уриалав

Үндэсний бичгийн зөв бичих дүрмийг батлуулж, толийг нэгтгэн хэвлүүлэхийг уриалав

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулган өчигдөр /2024.01.15/ болжээ.Улсын Их Хурлын д

Хүүхэд, залуус руу чиглэсэн эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгаанд хяналт тавихыг зөвлөв

Хүүхэд, залуус руу чиглэсэн эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгаанд хяналт тавихыг зөвлөв

Хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний телевизийн зар сурталчилгааны өнөөгийн байдлыг Азийн есөн орноор

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.