fitness
  • 474 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-22

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулсан. Төр, хувийн хэвшлийн байгууллага, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон уг арга хэмжээний үеэр барилгын чанар, аюулгүй байдал, стандарттай холбоотой тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГУУЛИЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Турк Улсад болсон газар хөдлөлтийн үеэр эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон туршлагаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хуваалцсан юм.

Тэрбээр “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд ирэх тавдугаар сарын 24-26-ны хооронд Монгол Улсад үндэсний хэмжээний сургуулилалт зохион байгуулна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайд, НЗДТГ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран анх удаа зохион байгуулах энэ арга хэмжээний үеэр газар хүчтэй хөдөлсөн үед бид ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудлыг хөндөх юм.

Одоогийн нөхцөл байдлаас харахад, жишээлбэл Нэгдүгээр хороололд есөн давхар барилга нурахад аврах ажиллагаа зохион байгуулж дийлэхгүй байж мэднэ. Тиймээс гамшгийн үед олон улсын тусламжийг хэрхэн авах, ямар байдлаар ажиллах вэ, хүн хүчний нөөц байна уу зэрэг олон асуудлыг ярилцан, төлөвлөгөө гаргах юм. Тусгаар тогтнол, газар нутгаа хамгаалж үлдэх, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах нь улс үндэстний сөрөн тэсвэрлэх чадавх дээр тогтож байдаг. Тиймээс бид өнөөдрөөс эл зүйлийн талаар хөндөж, хэлэлцэж, төлөвлөх шаардлагатай тулгараад байна” гэв. 

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ БҮРТГЭХ СТАНЦЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

Тэрбээр “Хөрсний суулт, нуралт, гулсалт гэдэг бол чухалчилж авч үзэх ёстой үзэгдлүүд. Сүүлийн 10-15 жилд Улаанбаатар хотод барьсан барилгуудын ихэнх нь ууланд байна. Гадаргуугийн налуу 15 градусаас хэтэрсэн тохиолдолд хүчтэй газар хөдлөлтийн үеэр барилгад ирэх цохилт хоёр дахин нэмэгддэг. 2013 онд Улаанбаатар хотод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр газар хөдлөлт болбол төвлөрсөн орон сууцны 11 хувь, хувийн орон сууцны 33 хувь нурж, хотын төвд 7552 хүн, гэр хороололд 38 мянган хүн амь үрэгдэх эрсдэлтэй гэж гарсан.

Гэхдээ энэ тоо сүүлийн арван жилд өөрчлөгдсөн байх. Учир нь нийслэлд 1950-иад онд барьсан барилгуудыг нурааж, шинээр барьж эхэлсэн. Үүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгууд багтаж буй. Сургуулийн анги дүүргэлт, даац хэтэрсэн тул энэ нь газар хөдлөлтийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Мөн гэр хороололд мэргэжлийн бус хүмүүс барьсан 3-5 давхар байшин их болсон нь эрсдэлийг мөн ихэсгэнэ” гэсэн юм.

Тус байгууллагын судлаачдын зүгээс Улаанбаатар хотод дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрсний хурдатгал бичигч станцын сүлжээг өргөтгөх;
  • Хот орчмын газар хөдлөлтийг бүртгэх, станцын тоог нэмэгдүүлэх;
  • Эмээлт, Хустай, Гүнж, Авдар уул, Шархай, Мөнгөнморьт болон хот орчмын газар хөдлөлтийн голомтууд дээр нарийвчилсан судалгаа эхлүүлэх;
  • Нийслэл орчимд ажиллаж буй газар хөдлөлтийг бүртгэх болон геофизикийн мониторингийн станцуудын газрын асуудлыг шийдвэрлэх зэрэг багтана.

ИРГЭДИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ЧАДАВХЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн үр дүнгийн талаар Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагыг төлөөлөн Б.Наранбаатар танилцууллаа. Уг төслийн эхний үе шат 2017-2019 онд хэрэгжиж, барилгын аюул, эрсдэлийн үнэлгээн дээр суурилсан газар хөдлөлтийн эрсдэлийн цогц газрын зургийг боловсруулах, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, газар хөдлөлт тэсвэрлэх чадвартай дунд, өндөр давхрын барилга барих заавар зэрэг баримт бичгийг боловсруулжээ. Түүнчлэн гамшгаас сэргийлэх боловсролыг дээшлүүлэн, энэ чиглэлд мэдээлэл түгээж ажилласныг тэрбээр онцолсон юм. Харин төслийн хоёрдугаар шатанд барилга байгууламжийг хүчитгэх хэрэгцээ, шаардлагыг олон нийтэд таниулах, холбогдох дүрэм, зааврыг боловсруулах, инженер техникийн ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг дэмжихэд чиглэсэн ажлуудыг хийх юм.

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөнөөр Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, чанар аюулгүй байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Илтгэлдээ “Манай улс барилгын материалын 37 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Барилгын материалын ханган нийлүүлэлт, цаашлаад үнэ ханшид тээвэрлэлттэй холбоотой асуудлууд тулгардаг. Өөрөөр хэлбэл, тээвэрлэгч вагоны тоо цөөн. Цаашид бид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлбэл барилгын материалын үнэ тогтворжих, ханган нийлүүлэлт нэмэгдэх, улмаар чанарт нь тавих хяналт сайжрах зэрэг олон давуу тал бий болно. Нөгөө талаас, барилгын материалын үнэ огцом өсөхөд хяналт тавих тогтолцоо дутмаг байна. Ерөөс барилгын материалын чанарын хяналтыг сайжруулах, үүнд бүх талаас анхаарч ажиллах шаардлагатай” хэмээн тэрбээр онцолсон. 

ЗОХИОГЧИЙН ШИЙДВЭРИЙГ ДУР МЭДЭН ӨӨРЧЛӨХ ЯВДАЛ ОЛОН ГАРДАГ

“Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Эдшил” ХХК-ийн дэд захирал Г.Алдарсайхан барилга байгууламжийн зураг төсөл, зохиогчийн хяналт сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Тэрбээр “Барилга чанартай байна уу, үгүй юү гэдэг нь хяналт хэр байсан бэ гэдгээс хамаарна. Монгол Улсын хувьд аливаа барилгад дөрвөн төрлийн хяналтыг хэрэгжүүлж ажилладаг.

Зохиогчийн хяналтын хувьд түгээмэл гардаг хэд хэдэн хүндрэл бий. Жишээлбэл, барилгын ажил эхэлсэн, эсвэл эхлэх хугацаа тодорхойгүй байдаг. Тэгэхээр зохиогч барилгын ажлын явцад хяналт тавих боломжгүй болно. Мөн захиалагч өөрөө гүйцэтгэгч болчихдог, үүнээс шалтгаалаад хяналтын тогтолцоо алдагддаг. Мөн зохиогчийн өгсөн зөвлөмж, тавьсан шаардлагыг үл хэрэгсэх, улмаар зохиогчийн шийдвэрийг дур мэдэн өөрчилдөг явдал олон гарч байна. Захиалагчийн шийдвэр эцсийнх үү, зохиогчийн шийдвэр эцсийнх үү гэдэг нь хууль эрх зүйн хувьд тодорхойгүй. Тэгэхээр үүнээс шалтгаалсан эрсдэлд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг том асуудал гарч ирдэг” хэмээлээ.

ТУРКИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕЭР ХУУЧИН БАРИЛГУУД ОЛНООР НУРСАН

“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөний үеэр Монголын барилгын инженерүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Э.Ганзориг “Турк Улсад болсон газар хөдлөлтийн урьдчилсан тайлан, сургамж” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон барилга байшин сүйдэж, хүний амь эрсэдсэн. Энэ гамшгийн үеэр учирсан хохирол, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар тэрбээр онцлов.

“Байгалийн гамшиг, тэр дундаа газар хөдлөлтийн үеэр ямар сургамж авсан бэ гэдэг чухал. Турк, Сирид болсон газар хөдлөлтийн тайлан, сургамжийг урьдчилсан байдлаар гаргасан байна. Энэ үеэр хуучны барилгууд олноор нурсан, үүнээс болж олон хүн бэртэж гэмтсэн, амь насаа алдсан. Нөгөө талаас хот төлөвлөлт муу, төлөвлөлтийн хэрэгжилт сул байсан нь гамшгийн үеэр их хохирол учрах шалтгаан болсон. Газар хөдлөлтөд өртсөн барилгуудын цөөнгүй гөлгөр гадартай арматур ашиглан барьсан, бетоны чанар муу байсан нь ч нөлөөлсөн” хэмээв.

Бусад мэдээ

Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд “Хүнсний хувьсгал”-д нэгдсээр байна

Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд “Хүнсний хувьсгал”-д нэгдсээр байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний х

Цахим хөгжил, харилцаа холбооны яам МЕТА-тай хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны яам МЕТА-тай хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр са

Ариунзул С.
Ариунзул С.