Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийг боловсруулан, 13 яам, 20 аймаг, агентлагуудад хэлэлцүүлэг өрнүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны 34 байгууллагын төлөөлөл 280 гаруй албан хаагчийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. НЗДТГ, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газрын хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр баримт бичгүүдийн төсөлд санал дэвшүүлж, харилцан зөвлөлдсөн юм.
Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Ууганбаяр: Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй 6500 гаруй стандарт бий. Үүний 43 хувь нь олон улс, бүс нутгийнх. Хамгийн олон буюу 702 стандарт эрүүл мэндийн салбарт мөрдөгддөг. Эдгээр стандарт, нормыг хэрэгжүүлэхэд иргэдэд ч, хяналт тавьж буй байгууллагуудад ч харилцан адилгүй ойлголтын зөрүү гарч, хүндрэл учирдаг. Тиймээс энэ бүхнийг цэгцлэх, нэгдсэн бодлого боловсруулах шаардлага байсан. Үүнд Засгийн газар онцгойлон анхаарч, "Стандарт ба хөгжил" хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг боловсруулан мэргэжлийн холбоод, стандартын техникийн хороодоор хэлэлцүүлж байна. Мөн төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, сонирхогч талуудын саналыг авч байгаа. Одоогоор 1120 гаруй санал ирсэн. Эдгээр саналыг үндэсний хөтөлбөрт тусгаж, мөн цаашид хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд оруулна гэлээ.
НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд: Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд, есөн дүүрэг, 32 агентлаг, харьяа газар, хороодын Засаг дарга нар оролцсон нэгдсэн хэлэлцүүлгийг бид өнөөдөр зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газраас стандартын талаар баримтлах нэгдсэн бодлого боловсруулах чиглэл гарсан. Энэ хүрээнд нэгдсэн ойлголт, мэдээллийг танилцуулж, нийслэлийн байгууллагуудын зүгээс санал, санаачилгуудаа дэвшүүллээ. Ер нь стандарт гэдэг иргэн бидний өдөр тутмын амьдралын бүх л шатанд гарч ирдэг, амьдрах, ажиллах, сурах эрүүл, аюулгүй орчин нөхцөл бүрдүүлэх тухай ойлголт. Нийслэлийн зүгээс үндэсний болон олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх, таниулах талаар нэлээд ажлыг хийдэг. Тухайлбал, Хотын стандартыг эхний хэсгийг өнгөрсөн онд батлан мөрдөж эхэлсэн. Уг стандартын удаах хэсгийг НИТХ-ын ээлжит чуулганаар энэ сард хэлэлцүүлэхээр төлөвлөсөн гэсэн юм.
Стандартгүйгээр үйл ажиллагаа явуулах, барьж байгуулах, цаашлаад улс орон хөгжих боломжгүй. Тэгэхээр стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарч байгаа нь, мөн үүнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөл оролцож, саналаа солилцож байгаа нь өндөр ач холбогдолтой хэмээв.
Хэлэлцүүлгийн үеэр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төсөл, стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлогын талаар танилцуулж, оролцогчид энэ сэдвээр саналуудаа илэрхийллээ.
Ташрамд, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн нэгдсэн хэлэлцүүлгийг энэ сарын 30-нд Чингис хаан музейд зохион байгуулах юм.