"Байгалийн хогоор тархины хогийг цэвэрлэцгээе" сэдвээр "Тэнгэрлэг Монгол", "Чийрэг Монгол" зэрэг ТТБ-ын төлөөллүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
Тус аяны талаар иргэн У.Хосбаяр "Хоггүй Монгол аяныг зохион байгуулаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү аяны хүрээнд ”Туул голоо аваръя” хөдөлгөөнийг санаачилж, өнгөрсөн жилүүдэд өөрсдийн чадах хэмжээнд цэвэрлэгээг хийж ирсэн. Харин энэ жилийн хувьд илүү өргөн далайцтай хийх хүсэл сонирхол байна.
Монголынхоо ард түмнийг гуравдугаар сарын 26-ны амралтын өдөр болох “Хоггүй Монгол”, “Туул голоо аваръя” аянд нэгдээсэй гэж уриалъя.
Бид өмнө нь архины шил, гялгар уутнаас эхлээд маш их хэмжээний хог цэвэрлэж байсан. Туул гол дагуу байхгүй зүйл байдаггүй, хүмүүс хаяж болох бүхнийг хаядаг. Дээрээс нь бумбаны тухай ярихгүй өнгөрөөхийн аргагүй. Хадагт ороосон бумба Туул голд дүүрэн байна. Тэр голд амьд амьтад амьдардаг, уснаас нь ундаалдаг гэдгийг ухамсарлахгүйгээр гол руу бумба хийх юм. Ямар мухар сүсэг тэнд үйлчлээд байгааг мэдэхгүй. Монголчууд мухар сүсгээсээ салаасай гэж бодож байна.
Түүнчлэн дандаа эрүүл газарт хүүхдийнхээ живхийг хаяж бохирдуулах асуудал элбэг" гэдгийг хэллээ.