УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн a) хэсэг, 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн баталлаа. Тус хуулийн төслүүдийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гуравдугаар сарын 16-ны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм.
Монгол Улс Олон улсын Иргэний нисэхийн тухай конвенцод 1989 онд нэгдэн орж, Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын 162 дахь гишүүн болсноор энэ байгууллагын бодлого, стандарт зөвлөмжийг хэрэгжүүлэх, гэрээ, конвенцод нэгдэх, аюулгүй ажиллагааны аудитад хамрагдах зэргээр гишүүний үүргээ биелүүлж, олон улсад агаарын тээвэр, агаарын навигацийн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн.
Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын 2016 оны 39 дэх Ассамблейн чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн a) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг баталж, Зөвлөлийн гишүүн 36 орныг 40 болгон нэмэгдүүлсэн байдаг. Зөвлөлийн гишүүн улсуудыг агаарын тээврийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг, агаарын навигацид их хувь нэмэр оруулдаг, газар зүйн голлох бүс нутгийн төлөөлөл гэсэн гурван ангиллаар Ассамблейгаас гурван жилийн хугацаатай сонгодог юм.
Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага нь агаарын навигацийг өргөжүүлэх гишүүн улсуудын санаачилгыг дэмжиж, 2016 оны 39 дүгээр Ассамблейн чуулганаар “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-ыг баталж, Агаарын навигацийн комиссын гишүүний тоог 19 байсныг 21 болгон нэмэгдүүлсэн байдаг.
Агаарын навигацийн комисс нь олон улсад агаарын навигацийг хөгжүүлэх бодлого тодорхойлох, мэдээлэл цуглуулах, стандарт, шаардлага тогтоох, зөвлөмж боловсруулах, техник, технологийн асуудлаар дэд комисс томилон ажиллуулах зэргээр Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлд зөвлөгөө өгөх үүрэгтэй байнгын ажиллагаатай комисс юм. Уг комиссын бүрэлдэхүүнийг гишүүн улсаас нэр дэвшүүлсэн, иргэний нисэхийн салбарын шинжлэх ухаан, практик ажлын зохих туршлага, мэргэшилтэй хүмүүсийн дотроос Зөвлөл сонгон шалгаруулж томилдог.
Тус протоколууд нь нийт 128 гишүүн улс нэгдсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд өнөөгийн байдлаар 80 улс нэгдэж, соёрхон батлаад байна. Монгол Улс багтдаг Ази, Номхон далайн бүсээс долоон улс буюу Австрали, Хятад, Япон, Энэтхэг, Сингапур, Малайз, Өмнөд Солонгос улс Зөвлөлийн гишүүнээр 2022 онд сонгогдсон.
УИХ-ын чуулганы хуралдаанаар эхлээд “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Төслийн хэлэлцүүлгийг 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн тул хэлэлцүүлэг санал хураалтаар үргэлжиллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87 хувь нь тус хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжсэнээр эцэслэн баталлаа.
Дараа нь “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлсэн юм. Төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.1 хувийн саналаар хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн a) хэсэг, 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг ийнхүү эцэслэн баталснаар Монгол Улс энэхүү Протоколуудыг соёрхон батлахаар боллоо. Соёрхон баталснаар Зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх олон улсын санаачилгад хувь нэмрээ оруулж, цаашид Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд оролцох, Зөвлөлийн гишүүнээр сонгогдоход дэмжлэг болохоос гадна мэргэшсэн хүний нөөцийг комиссын бүрэлдэхүүнд ажиллуулах боломж бүрдэхийн зэрэгцээ бүс нутгийн агаарын навигацийн гол түшиц орон зай болох, олон улсын нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах, агаарын тээвэр өргөжин хөгжихөд дэмжлэг болох юм.