fitness
  • 531 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-27
MОНГОЛ нэршлийн ташаа хэрэглээг залруулахыг НҮБ-ын гишүүн орнуудад уриалав

Гуравдугаар сарын 21-нийг “Дэлхийн Дауны Өдөр” мөн “Арьс Өнгөөр Ялгаварлан Гадуурхахыг Таслан Зогсоох” өдөр хэмээн дэлхий нийтээр жил бүр тэмдэглэдэг.

Үүнтэй холбогдуулан 3-р сарын 20-ны Даваа гаригт Mонгол нэршлийн ташаа хэрэглээг засаж залруулах, Mонгол угсаатан, хэл, соёлтой холбон зохистой хэрэглэж хэвшихийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудад уриалсан тусгай үйл ажиллагаа Швейцар Улсын Женев хотод байрлах НҮБ-ын Европын төв ордонд боллоо.

Энэхүү vйл ажиллагааг НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газар, Монгол Улсаас Женев хот дахь НҮБ болон олон улсын байгууллагуудын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн Газар, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин Сайдын Яам, “Монгол Тодотгол” ТББ, “Монголын Дауны Холбоо” ТББ, “Олон Улсын Энхийг Сахиулах” ТББ, “Монгол-Канадын Нийгэмлэг” хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, НҮБ-ын Женев дэх төвийн Соёлын үйл ажиллагааны хорооны дарга, номын сангийн захирал ноён Франческо Писано нар нээж vг хэлж, хүний эрхийн асуудлын чухал сэдвээр ярилцаж буйг сайшаан дэмжиж, олон улсын хэмжээнд дорвитой алхмууд хийгдэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Түүнчлэн TRIO киногоор уламжлан Mонгол соёл, зан заншил, уламжлалыг энгийн хүний амьдралаар тэр тусмаа хөгжлийн бэрхшээлийн иргэдийн гэр бvл, нийгэмд тохиолддог асуудлыг дэвшүүлэн гаргаж буйг онцлов.

Нээлтийн үгийн дараа “Бие биенээ үл ялгаварлан гадуурхах, хүртээмжтэй нийгмийн цогцлоох, бүгдэд тэгш боломжийг олгох, Монгол гэдэг нэрийг даунтай холбож сөрөг утгаар ярьж, бичдэг хэрэглээтэй тэмцэх” хэлэлцүүлэг хийлээ. Энэхүү хэлэлцүүлгийг Монголын Дауны Холбооны тэргүүн В.Ганзориг удирдсан бөгөөд хэлэлцүүлгийн зочдоор Хүний Эрхийн Дээд Комиссарын Газрын хөгжлийн бэрхшээл ба хүний эрх хариуцсан мэргэжилтэн Juan Jaime Pardo, "Дэлхийн Дауны Холбоо"-ны хөтөлбөр хариуцсан захирал Nathan Rowe, "Монгол Тодотгол" байгууллагын Захирал П.Ууганбаяр, ТРИО кинонд тоглосон Т.Тэлмүүн хүү ба ээж Д.Чимгээ, "Монгол Тодотгол" байгууллагын Боловсрол хариуцсан захирал, "Монгол-Канадын Нийгэмлэг"-ийн Захирал Б.Золзаяа нар оролцлоо.

Энэхүү чухал хэлэлцүүлгээр Монгол Улсын төлөөлөл дуу хоолойгоо олон улсад хүргэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдах болон ялгаатай хөгжилтэй иргэдэд тулгарч буй нэн чухал асуудлуудыг голчлон ярилцан санал бодлоо солилцов. Б.Золзаяа францаар ярьдаг орнуудад монгол хэмээх vгийг доромж утгаар хэрэглэсээр байгаа жишээ баримтуудыг дурьдаж боловсролын салбарт дорвитой ажлуудыг хийх хэрэгтэй гэж хэллээ. П.Ууганбаяр олон улсын Дауны Холбоодыг хамтран ажиллаж 'монгол' нэр томъёог эмнэлгийн болон нийгмийн ажилчдад зохистой хэрэглээг нь зааж сурталчилж байх санал оруулав.

“Олон сар, жил үргэлжилсэн киноны зураг авалтын дараа өнөөдөр ингээд НҮБ-ын индэр дээр хүүтэйгээ та бүхний өмнө сууж байна гэж тэр үед огт төсөөлөөгүй. ТРИО кино өнөөдрийн байдлаар дэлхийн 4 тивийн 8 улсын кино наадмаас шилдэг киноны шагналуудыг хүртээд байна. Энэ кинод манай гэр бүл хамтран ажиллаж, хүү минь гол дүрд тоглосон нэг гол зорилго бол эх орны минь эрхэм нэр болох Монгол гэдэг үгийг даун синдромтой холбон ашиглах, тэнэг эсвэл мулгуу гээд доромж, сөрөг утгаар албан бусаар дэлхийн даяар хэрэглээг эцэслэх, багасах юм. Энэ чухал үйлд гэр бүлээрээ оролцож, бяцхан ч гэсэн өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байна” гэж киноны гол дүрд тоглосон даунтай хүү Т.Тэлмүүний ээж Д.Чимгээ онцолж хэлэв.

П.Ууганбаяр хурлын эцэст Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудад монгол нэрийг ташаа хэрэглэж буй хэрэглээнд анхаарал тавьж анагаах, нийгэм судлалын сурах бичигт болон бүх төрлийн эх сурвалжийг хянан залруулж зөвхөн монгол угсаатан, хэл, соёлыг тодорхойлсон тохиолдолд хэрэглэж, хэвшихийг уриалав.

Хэлэлцүүлгийн төгсгөлд “ХЭНИЙГ Ч АРДАА БҮҮ ҮЛДЭЭ” концепц дор бүтээгдсэн ТРИО уран сайхны киног НҮБ-ын танхимд толилуулав. Энэхүү уран бүтээлд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглосноороо Монголын урлагийн түүхэнд онцгой болсон юм. Хүний эрхийг хамгаалах, хүртээмжтэй нийгмийг цогцлоох, ялгаатай хөгжилтэй хүүхэд, иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх, тэдэнд тэгш боломж олгох, бусадтай яг адилхан хөгжих эрхийг нь баталгаажуулах, Монголын нүүдлийн өв уламжлал, ёс заншил, өвөрмөц соёлыг дэлхийд танилцуулах, аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлах, үзэсгэлэнт байгалиа дэлхийд мэдрүүлэх, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг батжуулах, МОНГОЛ гэдэг нэрийг дэлхийн тавцанд хүндтэй бөгөөд эрхэм болгох нь кино төслийн туйлын зорилго юм.

Бусад мэдээ

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Цахим ур чадвар олгох төв”-ийг нээлээ

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Цахим ур чадвар олгох төв”-ийг нээлээ

Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэги

С.Амарсайхан: Малын тэжээлийн экспортыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа

С.Амарсайхан: Малын тэжээлийн экспортыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл өг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.