fitness
  • 540 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-29

“Олныг хамарсан осол гэмтэл, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дайчлагдан ажиллах үндэсний яаралтай тусламжийн багийг чадавхжуулах” сургалт өдгөө гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр сургалтад оролцогчид сургалтын үр дүн, ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцлаа. 

ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хариуцсан мэргэжилтэн Д.Нямхүү: 

-Дэлхий нийтэд төдийгүй Монгол Улсын хэмжээнд гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдал үүсэх үед авах хариу арга хэмжээний талаар зайлшгүй анхаарах нь чухал байна. ДЭМБ-аас манай улсад үндэсний яаралтай тусламжийн баг байгуулах тал дээр туслалцаа үзүүлж, өнгөрсөн онд анхны сургалтаа хийсэн. Энэ удаагийн сургалтаар үйл ажиллагааны төрөл, чиглэл, мөрдөх журам, авч хэрэгжүүлэх заавар, аргачлалыг тусгасан бичиг баримтыг баталгаажуулж, үндэсний яаралтай тусламжийн багийг албан ёсоор бүрдүүлнэ.

Тус сургалтанд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, тагнуул зэрэг олон салбарын мэргэжилтнүүд оролцож, яаралтай тусламжийн багт хамтран ажиллах мэдлэг чадвар, дадлага туршлагаа хуваалцаж байна. 

Гамшиг, осол, нийгмийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авах үндэсний яаралтай тусламжийн багийг чадавхжуулах сургалт хоёр жилийн турш үргэлжилж, олон улсын сертификаттай болох юм. 

Тиймээс дэлхийн 80 гаруй улс орны хэмжээнд яаралтай тусламжийн багийг сургаж чадавхжуулах ажил хийгдэж байгаа энэ цаг үед Монгол Улс үндэсний хэмжээний багтай болох сууриа тавьж буй нь хамгийн чухал ажил болж байна.  

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах:

-Үндэсний яаралтай тусламжийн багийг чадавхжуулах хоёр дахь удаагийн сургалтыг ЭМЯ, ДЭМБ, ОБЕГ, ГССҮТ-өөс хамтран зохион байгуулж байна. Эхний сургалтаар тус багийн зохион байгуулалт, ажиллах зарчим, баримтлах журмыг боловсруулах чиглэлд хамтарч ажилласан бол, энэ удаад эрүүл мэндийн тусламж үзүүлэх багийг бэлтгэх сургалт болж байна.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд газар хөдлөлт болон халдварт өвчин, зуд, үер усны аюул зэрэг нийтийг хамарсан гамшиг, ослын давтамж нэмэгдэх хандлагатай болсон. Энэ үед  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, бусад салбарууд хэрхэн ажиллаж хохирол багатай даван туулах тал дээр нэгдсэн зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, дүрэм журам, эрсдлийн үеийн бэлэн байдлыг хангаж ажиллах ёстой.

Үндэсний яаралтай тусламжийн баг нь гурван шатлалтай байх бөгөөд гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлаас хамаарч ямар үед аль шатлалын баг (анхан шатны болон нарийн мэргэжлийн г.м) тусламж үйлчилгээ үзүүлж ажиллахыг шийднэ. 

Багийн баримтлах бодлого, үйл ажиллагааны зохион байгуулалт, тусламж үйлчилгээний чиглэл, мөрдөх дүрэм журам тодорхой болсноор улсын хэмжээнд төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгэж ажиллах боломжтой гэсэн үг.

 

ОБЕГ-ын Эрүүл мэндийн тасгийн дарга Д.Хонгор:

-Гамшгийн төрөл, тоо, давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэ цаг үед эмнэлгийн яаралтай тусламжийн баг байгуулах, тэдгээрийн ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх, стандарт ажиллагааны зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болж байна. 

Гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг ард иргэдэд шуурхай, хүртээмжтэй, тасралтгүй хүргэх ажлыг зохион байгуулах нь нэн чухал.

Тиймээс энэ сургалтын хүрээнд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, аврагч болон эмч мэргэжилтнүүд ур чадвар, мэдлэг туршлагаа хуваалцан нэг баг болж хамтран ажиллах юм.  

Цаашид олон улсад үүрэг гүйцэтгэх аврах дунд түвшний багтай болохоор зорьж байгаа бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл, Австралийн Гриффитийн их сургуультай хамтран алба хаагчдаа чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сургалтыг ЭМЯ, ОБЕГ, ГССҮТ, ДЭМБ-аас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмч, эмнэлгийн ажилчид НЭМГ-ын гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Бусад мэдээ

Монголд халал болон органик баталгаажуулалтын олон улсын итгэмжлэл хийдэг болно

Монголд халал болон органик баталгаажуулалтын олон улсын итгэмжлэл хийдэг болно

Монгол Улсад халал болон органик баталгаажуулалтын олон улсын итгэмжлэл хийлгэхээр гэрээ байгуулжээ.

Mom’s Touch шарсан тахиа, бургерын олон улсын сүлжээ Монголд нээлээ

Mom’s Touch шарсан тахиа, бургерын олон улсын сүлжээ Монголд нээлээ

Өдөр бүр шинэхэн, чанартай түүхий эдээр хийсэн бургер, шарсан тахиагаар хэрэглэгчдээ дайлах зорилгыг

Ариунзул С.
Ариунзул С.