Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, “Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг “Жорлон” үндэсний чуулганаар тодорхойлохыг зорьж байна.
Эрүүл мэндэд агаарын бохирдлоос ч дутуугүй сөрөг нөлөө үзүүлдэг бохирдол нь хөрсний бохирдол юм. Утаа шиг манантаж харагдахгүй ч хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хөрс, гүний усыг бохирдуулсаар байна.
Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган өрх айлын энгийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрсөнд нэвчиж, нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаагаар 88 хувьд нь нянгийн бохирдол илэрсэн. Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг байна.
ДЭМБ-ын 2020 оны судалгааны дүнгээс үзэхэд нийслэлийн хэмжээнд цусан суулга өвчлөл ихсэх хандлагатай байгаа ба бүртгэгдсэн цусан суулга өвчний халдварын 9.9 хувь өвчтөнөөс, 90.1 хувь тодорхойгүй байгаа ба хөрс орчны бохирдолтой холбон үзсэн байна.
Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор “2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдын ая тухтай аялах нөхцөлөөр хангах томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудлын нэг нь ая тухтай, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн асуудал байдаг тул нийтийн ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын баазуудад нүхэн жорлон ашиглахыг хориглосон.