Өнгөрөгч бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэл хот орчмоор цас орж, цаг агаар хүндэрсэн тул холбогдох албаныхан шаардлагатай арга хэмжээг авч ажиллажээ.
Тухайлбал, цас орж эхэлснээс хойш нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт 190 ажилтан тусгай зориулалтын 45 машин, техниктэйгээр уртасгасан цагаар ажилласан байна.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:
-Дөрөвдүгээр сарын 1-ний 17:00 цагаас цас орж эхэлсэн. Манай байгууллага хариуцсан зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн арга хэмжээг авч ажилласаар байна. Өнөөдрийн хувьд цас хайлж шавхай татах, халтиргаа нэмэгдэх төлөвтэй тул зам талбайн үйлчлэгч нар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна гэлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Цаг агаарын байдал хүндэрсний улмаас даваа гүвээний, мөн зарим томоохон замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, цас цэвэрлэх техникүүдийг ажиллуулсан. Одоогоор эдгээр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэсэн юм.
Дөрөвдүгээр сарын 2-ны 12:00 цагийн байдлаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудаас нийт зам талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 120 машин, техниктэй ажиллан цас арилгаж, 266 тонн бодис, 250 тонн давс цацжээ. Цас арилгах, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажил үргэлжилсээр байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтэс