Нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэжээ.
Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоож, борлуулалтыг нийслэл хариуцдаг. Өнгөрсөн сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдаж эхэлсэн юм. Гэвч борлуулалт муу байгаа тул ирэх амралтын хоёр өдөрт нөөцийн махыг гулуузаар нь худалдах болжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Махаа ангилж уутлахдаа өөх, махны хэмжээг тааруулах, ууталсан махаа зөөвөрлөхдөө шуудайд бус, цаасан хайрцагт зөөвөрлөх шаардлагыг 12 бэлтгэн нийлүүлэгчдэд хүргүүлнэ. Зөвхөн хонины махыг гулуузаар худалдах бөгөөд зах, худалдааны төвүүдээс 20-25 хувийн хямд үнээр худалдана. Одоо есөн дүүрэгт 481 цэгээр нөөцийн мах худалдаалж байна. Энэ онд нөөцийн махны борлуулалт өмнөх жилүүдийнхээс муу байна. Нөөцийн мах худалдан авъя гэхээр голдуу хонины мах байдаг, амт чанаргүй, шороотой, шивтэр үнэртдэг гэх мэт гомдол байнга гардаг.
ХХААХҮЯ нөөцийн махны чанарт хяналт тавих үүрэгтэй. Энэ талаар тус яамнаас тодруулах шаардлагатай.
Өнгөрсөн долоо хоногт бид захуудаар явж үзлээ. Махны савлагаа 2-3 кг байгааг 1-2 кг болгох саналыг олон иргэн хэлсэн. Мөн гялгар уут нь задарсан тохиолдлууд гарсан тул бэлтгэн нийлүүлэгч компаниудад цаасан хайрцгаар махаа тээвэрлэх шаардлага тавьсан.” гэв.
Ирэх бямба, ням гарагуудад дүүргүүдэд болох махны худалдааны байршлыг бид та бүхэнд мэдээлэх болно.