fitness
  • 472 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-10

Улсын Их Хурлын өнгөрсөн баасан гарагийн /2023.04.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Засгийн газар Монгол үндэстний оршин тогтнох амин чухал дархлаа болох үндэсний түүх, хэл, соёл, өв, уламжлалт зан заншлаа хадгалж хамгаалах, дэлхийн улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын хөгжил дэвшил, амжилтыг дэлхий дахинд сурталчлах, улс орныхоо гадаад нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэхэд онцгой анхаардаг.

Гадаад харилцааны сайд үндсэн мэдээллээ таван чиглэлийн хүрээнд хийв:

Засгийн газар Монголыг олон улсад сурталчлах стратеги төлөвлөгөөгөө баталж, олон улс дахь Сурталчилгаа мэдээллийн үндэсний хороо байгуулжээ. 

Нэгдсэн стратеги, төлөвлөгөө хэрэгжүүлснээр Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал шинэчлэлийн үйл явц, Засгийн газрын шийдвэрийг таниулан сурталчлах, эерэг зөв ойлголт төрүүлэх, хамтын ажиллагааг нэмэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг тэлэх зэрэг давуу тал бий болгоно.

Монгол Улсыг олон улсад сурталчлах үйл ажиллагааг идэвхжүүлэх нэгдсэн стратеги, төлөвлөгөөг хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хүний эрх, ардчилал-сайн засаглал-цахим хөгжил гэсэн дөрвөн үндсэн зорилтын хүрээнд боловсруулжээ.

Эдгээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын талаар гадаадын жуулчдын, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахуйц эерэг мэдээллийг олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол гаргаж байна. 

Тухайлбал, энэ оны эхний улиралд олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн 16 ярилцлагыг нийтэлжээ.

Монгол Улсын Олон улс дахь Сурталчилгаа мэдээллийн үндэсний хороог өнгөрөгч гуравдугаар сарын 22-ны өдөр байгуулсан байна.

Хоёрдугаарт, Монгол Улсыг гадаадад сурталчлах үндсэн өнгө төрх, брэндингийг тодорхойлсон. Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, энэ онд зохион байгуулах олон улсын чанартай 22 арга хэмжээний хуанли гаргаж, дэлхий дахинд зарласан байна. 

Монгол Улсын нээлттэй байдал, зочлох заншлыг илэрхийлэн Welcome to Mongolia гэсэн үгийг түлхүүр үгээр сонгож, брэндингийн нэгдсэн өнгө төрх, загварыг Засгийн газрын хуралдаанаар баталжээ.

Гуравдугаарт, гадаад сурталчилгааг эрчимжүүлэх хүрээнд олон улсын тинк танк болон томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд Си Эн Эн, Блүүмберг, Би Би Си, Файнаншл Таймс, Экономист, Нэйшнл Жеографик, Вандерласт зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн сувгуудтай хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийжээ.

Одоогийн байдлаар, Си Эн Эн агентлагтай 18 сарын хугацаатай гэрээ байгуулан, Монгол Улсын талаар видео реклам түгээх, нийтлэл бичих зэрэг ажлууд хийж эхэлжээ. Олон улсад Монгол Улсын өсөн нэмэгдэж буй нэр хүнд, сурталчилгааны оновчлолоор 2021 оны байдлаар 4 000 хандалттай байсан бол 2022 оны эцэс гэхэд 7 200 болжээ.

Манай улсын талаарх эерэг сэтгэгдэл 2021 онд 12 хувь байсан бол 2022 оны эцсээр 28 хувь болжээ. Олон улсын хэвлэлүүд эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлт, дээд хэмжээний айлчлал, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн болон уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулж буй зэрэг дөрвөн гол сэдвийг голчлон хөндсөн байна. Түүнчлэн Кембридж Кингс байгууллага манай улс дахь хүний эрх, ардчиллын ололт амжилтын талаар, Өү Эс Эс Девелопмент Институт олон улсын тинк танк байгууллага Шинэ сэргэлтийн бодлогын талаар томоохон судалгааг тус тус хийж, гаргасан байна.

  • ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн сэтгүүлийн тусгай дугаарт манай улсаас дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын тухай болон өвийн чиглэлээр баримталж буй бодлого, стратеги, хамгаалалтын менежментийн талаар, 
  • ХБНГУ-ын Берлин хотын “Миний дүүрэг” сэтгүүл, 
  • Нидерландын Хаант Улсын “Дипломатик Ворлд”, 
  • Францын аялал жуулчлалын “Пети Фүттэй” сэтгүүлд Монгол Улсын талаар тусгай нийтлэлүүдийг англи, герман, франц хэлээр хэвлүүлж, олон улсын томоохон үзэсгэлэн яармаг, соёлын өдөр зэрэг арга хэмжээний үеэр түгээжээ.

Дөрөвдүгээрт, үндэсний болон орчин үеийн урлаг, соёл спортын ололт амжилтыг таниулан сурталчлах ажил идэвхжжээ. Засгийн газрын 2022 оны 73 дугаар тогтоолын дагуу Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн биеналль, Каннын 75 дахь удаагийн кино наадамд Монголын уран бүтээлчид амжилттай оролцжээ. 

Эдгээр арга хэмжээний үеэр Монголын талаар олон улсын хэвлэлд 30 гаруй мэдээ, ярилцлага нийтлэгдэж, зарим улс оронтой соёлын харилцааг хөгжүүлэх Засгийн газар хоорондын хөтөлбөрийг байгуулсан байна.

Каннын кино наадмын үеэр Монгол Улсын 200 орчим кино уран бүтээлийг сурталчлах, худалдаалах боломжийг бүрдүүлжээ. Морин хуурын чуулга Японы алдарт Эн Эйч Кэй Холлд, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид ЮНЕСКО-ийн төв тайзнаа бүрэн бүрэлдэхүүнтэй тоглосон байна. ХБНГУ-д морин хуурын анхны наадмыг зохион байгуулж, Дэлхийн соёлын “Нүүдэлчин Монгол” фестивалийг Монголд хийсний дээр Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх баримтат киног англи хэлээр бүтээж Европын улс орнуудад толилуулжээ.

Монголд зочлох жилийн ажлын хүрээнд

  • Болгарын Софи хотод болсон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, 
  • Германы Штуттгарт хотноо болсон “Си Эм Ти Штуттгарт”, 
  • Хамбург хотноо болсон Райзен Караванинг, 
  • Унгарын Будапешт хотноо болсон олон улсын аялал жуулчлалын 45 дахь удаагийн үзэсгэлэнд тус тус оролцсон байна. 

Мөн Монгол, Хятадын Засгийн газар хооронд байгуулсан “Соёлын төв харилцан байгуулах тухай” хэлэлцээрийн дагуу Бээжин хотноо Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ-ны дэргэд “Монголын соёл мэдээллийн төв”-ийг байгуулжээ. 

Тавдугаарт, Монгол судлалыг хөгжүүлэх, гадаад дахь төвүүд, эрдэмтэн судлаачдыг идэвхжүүлэхэд анхаарч, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг зохион байгуулж байна. 2022 оны байдлаар дэлхийн 20 оронд монгол судлалын 22 төв, 600 гаруй судлаач ажил ажиллаж байгаагаас 200 орчим нь залуу судлаач.

Тэднийг дэмжих, шинээр бэлтгэх зорилгоор зуны сургуулийг зохион байгуулж, гадаадын арван улсын 17 их, дээд сургууль, судалгааны төвийн эрдэмтдийг хамруулжээ. Мөн гадаад улсууд дахь Монгол судлалын төвүүдтэй хамтын ажиллагааг идэвхжүүлж, ном бүтээлүүд хэвлэн гаргаад байгаа аж. Энэ онд Бүгд Найрамдах Эстони Улсын Тартугийн их сургуулийн Соёл судлалын хүрээлэнгийн Дорно дахин судлалын төвийн дэргэд Монгол судлалын тусгай тасаг байгуулахаар ажиллаж байгаа ажээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэлдээ, дэлхийн олон улсын харилцааны ээдрээтэй нөхцөл байдал, цар тахал зэргээс үүдэлтэй хүнд хэцүү цаг үед гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хүчин чармайлт шаардагдаж буйг дурдаад, гадаад сурталчилгааны үр өгөөжийг нэмэх, ахиц дэвшил гаргах шаардлага тулгарч буйг тэмдэглэсэн юм.

Энэ онд Морин хуурын чуулгыг Австралийн Сиднейн дуурийн театрт, “Тамгагүй төр” жүжгийг Английн Лондон хотын Колизейн театрт тус тус тоглуулж, Баянмонгол чуулгыг Германд болох “Дэлхийн жааз фестиваль”-д оролцуулах ажээ. Мөн Францын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан-Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ” сэдэвт үзэсгэлэнг гаргах юм байна.


Бусад мэдээ

Х.Нямбаатар: Хотын дарга хийх надаас өөр хувилбар байхгүй гэсэн

Х.Нямбаатар: Хотын дарга хийх надаас өөр хувилбар байхгүй гэсэн

МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдаж, зарим улс төрийн томилгоог хийсэн байна. Энэ үеэр Нийслэлийн

Мөнгө бүслэгч термо цаас нийлүүлэх тухай

Мөнгө бүслэгч термо цаас нийлүүлэх тухай

Монголбанканд мөнгө бүслэгч термо цаас худалдан авахтай холбогдуулан дараах үзүүлэлтийн дагуу 2023 о

Ариунзул С.
Ариунзул С.