УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдийн хамтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар хэвлэлийн бага хурал хийж байна.
Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар Зөвлөлдөх санал асуулга явуулсан. Асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгох талаар саналаа илэрхийлж байжээ.
Иймд төрийн албаны бүх түвшинд сайтар боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх хууль зүйн механизм үгүйлэгдэж байна гэж үзэн УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг 2022 оны тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн.
Хуулийн төсөл батлагдсанаар төрийн албан хаагчид нийтлэг мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, түүнийг сахин мөрдүүлэх, хэрэгжүүлж хэвшүүлэх механизмыг бий болгох, ингэснээр тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн алба төлөвшиж, төрийн албанд иргэдийн итгэх итгэл нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Энэхүү хуулийн төсөлд төрийн албан хаагчийн баримтлах 6 үндсэн зарчмыг тодорхойлжээ. Тухайлбал, хүнлэг энэрэнгүй байх, төрт ёс, хуулийн дээдлэх, бүх иргэнд тэгш үйлчлэх, шударга ёсыг сахин баримтлах, хариуцлагатай байх, хамт олонч байх зарчмыг оруулсан байна. Эдгээр зарчим нийтлэг хэм хэмжээ болж хуульд туссан байна.