Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд Монголын найруулагч П.Золжаргал "Баавгай болохсон" киногоороо нэр дэвшлээ. “Баавгай болохсон” түүний анхны бүрэн хэмжээний кино төсөл бөгөөд 2017 онд “Талентс Токио” дээд шагнал, “Нэкст Мастерс Супорт” зохиол хөгжүүлэх тэтгэлэг хүртэж байсан.
Мөн Торино Кино Лаб, Азийн Кино Академид сонгогдон төсөл хөгжүүлэлт хийж, Хонконг Азийн Кино маркет 2019, Локарно Олон Улсын наадмын Нээлттэй Хаалга Хаб 2019 хөтөлбөрт сонгогдон амжилттай оролцож байсан. Кино зохиолыг П.Золжаргал, Б.Дөлгөөн нар бичжээ.
"If Only I Could Hibernate" уран сайхны кино нь Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 15 настай өсвөр насны хүүгийн тухай өгүүлдэг. Физикийн асар их авьяастай, сайн сайхан ирээдүйд хүрэхийн тулд сайн боловсрол эзэмшихийг эрэлхийлж буй монгол хүүгийн тухай өгүүлэх тус бүтээлд агаарын бохирдол, архидалт, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт өнөө үед тулгарч буй олон асуудлыг харуулж чаджээ.
"Un Certain Regard" төрөлд бүрэн хэмжээний анхны эсвэл хоёр дахь киногоо танилцуулж буй найруулагчид нэр дэвшдэг бөгөөд Йоргос Лантимос, Хон Сан Су, Ким Ки Дук, Корнель Мундруцо, Юхо Куосманен зэрэг дэлхийн алдартай найруулагчид тус шагналыг хүртэж байв.
П.Золжаргал нь Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. Түүний найруулсан богино кинонууд Локарно, Тампере, Синэкүэст гэх мэт олон улсын кино наадмуудад шалгарч үзэгчдийн хүртээл болж байсан. 2020 онд тэрээр “ШАТ” богино киногоороо Чикаго Олон Улсын Хүүхдийн Кино Наадамд түрүүлж 94 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшихээр өрсөлдөх эрх авч байсан.
“Үл заяагдагсад” (2017), “Нүцгэн Гэрэл” (2020), “Шат” (2020), “Шар Автобус” (2021), “Баавгай болохсон” (2022) кинонуудаараа тэр Монголыг төлөөлөн гарч буй гайхалтай шинэлэг, чадварлаг кино найруулагч болон нэрээ мөнхөлж байна.
Киноны гол дүрд тоглох хүүхдийг 200 гаруй хүүхдээс сонгосон бөгөөд 2022 оны өвөл зураг авалтаа хийсэн байна. Кино нийт 98 минут үргэлжлэх аж.
Бид утаагаар амьсгалдаггүй. Бид ядуурлаар амьсгалдаг. Ядуурлын тойргоос хүүхдүүдийг сайн боловсрол гаргана. Хүүхэд бүрт тэгш, чанартай боловсрол олгох асуудлыг “Баавгай болохсон” уран сайхны киногоор дамжуулан хөнджээ.
Каннын кино наадам тавдугаар сарын 16-наас тавдугаар сарын 27-ны хооронд Франц улсад болох болно.