Сэтгүүлч Л.Баатархүү
Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Ганболдын Энхнаран (Ena) энэ сарын 18-нд уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна.
Тун ховорхон төрдөг дээд нарийн сопрано хоолойтой тал нутгийн дуучин бүсгүй дуурийн урлагийг өөртөө шингээхийн тулд бүтэн 11 жилийг бакалавр, магистрт сурахад зарцуулсан боловсролтой, авъяастай, төрмөл дуучин. Өөрөөр хэлбэл, Монголд таван жил, дуурийн өлгий ОХУ-д зургаан жилийг зарцуулжээ. Тэр одоо ч өөрийгөө голж, сурсаар явна.
Түүний багш нь Монгол Улсын Ардын жүжигчин Аюурзаны Долгор. Багшийнх нь хэлснээр “Энхнаран маань хөгжмийн маш нарийн мэдрэмжтэй. Гоё, сайхан охин дуурийн урлагт ирсэн. Зөв шартай, үнэхээр хөдөлмөрч бүсгүй. Шавь маань нэг их төрөөд байдаггүй дээд нарийн сопрано хоолойтой. Г.Энхнаран 2011 онд СУИС-аа дуурийн дуулаачаар төгсөөд үргэлжлүүлэн ОХУ-д мэргэжлээрээ зургаан жил суралцаж ирээд Дуурь бүжгийн эрдмийн театртаа орсон байгаа. Гайхалтай сайхан сонгодог концерт болно. Сонгодог хөгжим сонсож сонгодог үдшийг өнгөрүүлээрэй гэж үзэгчиддээ хэлэх байна” гэсэн юм.
Энэ үдэш дэлхийн болоод Монголын сонгодог урлагийн гайхамшиг эгшиглэнэ. Тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, төгөлдөр хуурч МУГЖ Б.Солонго, ДБЭТ-ийн симфони найрал хөгжим, Anir Mongolian pop orchestra гээд олон уран бүтээлчид оролцоно.
...Ээж аавдаа ч хүртэл хэлэхгүйгээр СУИС-т дуурийн дуулаачийн мэргэжил эзэмшихээр нууцаар шалгалт өгч тэнцэж байсан Эна өнөөдөр мэргэжлийн өндөр түвшний дуучин болж үзэгч, сонсогч олондоо ямар хэмжээний гайхалтай уран бүтээлч болсноо харуулж, үдшийг “гоёх” гэж байна.
Түүний хувьд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат долоон хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Ээж нь дуу хуурийн өлгий Дундговь аймгийн Дэрэн сумынх. Эмээ нь залуудаа Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад гуайтай сайхан нөхөрлөдөг мөн л дууч хүмүүн байж. Г.Энхнарангийн гэр бүлийнхэн бүгдээрээ л сайхан дуулдаг ийм хүмүүс.
Сонгодог урлагийг бишрэн сонсдог, сонирхдог үзэгч олон та бүхэн Bella serata буюу Гайхалтай үдэш тоглолтод зочлон сонгодог мэдрэмжээр хөглөгдөөрэй.
Та бүхэн түүнтэй хийсэн ярилцлагыг хүлээн авч сонсоно уу.