Инжир" ХХК-ийн удирдлагууд Хөгжлийн банкнаас зээл авахад Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга асан Э.Эрдэнэ хууль бусаар нөлөөлж, тусалжээ.
Тодруулбал, тус компани барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй. Энэ мэт шалтгаанаар Хөгжлийн банкнаас олгох зээлийн тавигдах шаардлагад нийцээгүй аж.
Гэсэн ч Э.Эрдэнэ нь "Инжир" ХХК-ийн ерөнхий захирал Б.Батбаатар, хувьцаа эзэмшигч Ч.Өлзий нартай үгсэн тохиролцож, өөрийн найз, Хөгжлийн банкны Хяналт, Шалгалт, Тамгын газрын Тамгын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Ж.Ганхуягт албан тушаалын байдалтай нь холбогдуулан, тус банкны эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлжээ.
Улмаар "Инжир" ХХК-ийн 4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулсан. Ингээд Б.Батбаатар, Ч.Өлзий нараас 435 сая төгрөгийг бэлнээр авч, Ж.Ганхуягт дамжуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж прокурорын байгууллагаа танилцууллаа.
Түүнд Эрүүгийн хуулийн 22.5, "хахууль өгөх" зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна.