Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал энэ сарын 24-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Элчин сайд Т.Бадрал энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжилж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах чиглэлээр Элчин сайдын хувиар бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах болохоо илэрхийлжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд Т.Бадралд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд БНХАУ-ын Засгийн газар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ тэмдэглэв.
Цар тахлын улмаас гадаад улсаас БНХАУ-д суух Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах ёслолын үйл ажиллагааг сүүлийн хоёр жилийн хугацаанд зохион байгуулаагүй байсан бөгөөд энэ удаагийн ёслолд 70 улсын Элчин сайд оролцож, итгэмжлэх жуух бичгээ барьжээ.