Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн урилгаар Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад айлчлаад буцав.
Хамгийн сүүлд арван жилийн өмнө Польшийн Ерөнхийлөгч манай улсад иржээ. Ерөнхийлөгч Анджей Дудаг дагалдан тус улсын 23 аж ахуйн нэгжийн 31 бизнес эрхлэгч Улаанбаатарт ирсэн. Тэд Шангри Ла зочид буудалд болсон бизнес форумаар компаниа дэлгэрэнгүй танилцуулав.
1990 оныг хүртэл Польш, Монгол улсууд социалист орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүд байж, ардчилсан тогтолцоонд шилжсэн гэх ижил түүхтэй. Ахмад үеийнхэн Польш гэвэл хамгийн түрүүнд “Нохойтой дөрвөн танкчин” киног нэрлэдэг. Харин өнөө үед Польш алим, Коварын компот, хатаасан жимснүүд монгол хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон.