Монголчуудын дунд мөрийтэй тоглоом, спорт бооцоо, коин, форекст мөнгөө алдсан хүний тоо эрс нэмэгдэх болов. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гээд нас, хүйс энд хамаагүй. Арван жилийн сурагч хүү найзынхаа утсыг ломбарданд барьцаалж спорт бооцоонд, гурван хүүтэй эцэг машинаа зарж форекст, ач зээгээ хараад гэртээ суудаг эмээ хүртэл тэтгэврийн мөнгөө телевизийн сугалаанд барж сууна.
Өгөөш үмхэж буй гол шалтгаан нь амархан баяжих, их мөнгөтэй хүсэл нь. Сарын цалин нь идэж уухаасаа илүү гарахгүй байгаа учир бидний монголчууд нэмэлт орлого, “үнэгүй” мөнгөний эрэлд гарна. Бусад хэрэгцээгээ хангаж, ганган хувцас, сүүлийн үеийн ухаалаг гар утас барихыг хүсч байна. Олдог мөнгөө алдсаныхаа дараа мөнгө болох бүхнээ зарж, барьцаалж эцэстээ бусдаас маш их хэмжээний мөнгө зээлж нэг л мэдэхэд их өрөнд орно. Үүний улмаас гэмт хэрэг үйлдэх, гэр бүлээсээ салах, бүр цаашилбал амь насаа алдах эрсдэл ч гарах тохиолдол бий.
Мөрийтэй тоглоомд ялагч гэж байдаггүй. Мөрийтэй тоглоом таны амьдралыг "залгина" гэдгийг бүхнээ алдсан хойноо ухаарах нь бий.
Энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 20.17 заалтаар уг гэмт хэргийг зүйлчилсэн байдаг. Тодруулбал, олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол дээд тал нь таван жил хүртэл хорих ялтай. Цаашлаад мөнгө угаасан гэж үзвэл 12 хүртэлх жил хорих ялтай.
Иргэдийн зүгээс мөрийтэй тоглоом зохион байгуулсан, тоглуулсан хүмүүс нь хуулийн хариуцлага хүлээнэ. Харин мөрийтэй тоглоом тоглож мөнгөө алдсан хүн хариуцлагаас мултарна гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Тоглосон, тоглуулсан хоёулаа эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг хуульчид анхааруулж байна.
Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатарын 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Казино, болон мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улсын компаниудад Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар шат дараатай арга хэмжээ авах талаар мэдэгдсэн.
Мөрийнд донтсон хүмүүс барагтай бол гарч чаддаггүй. Алдах тусмаа улам шунадаг нь тэднийг амьдралгүй болгоход хүрдэг аж. Тэд зөвхөн мөнгөө алддаг юм биш ажил, орлого, амьдрал, амиа хүртэл алддаг.