fitness
  • 58 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин төрийн айлчлал хийж байна.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалтын үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.  Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд харилцааны түвшнийг шат ахиулж “Иж бүрэн түншлэл”-д хүргэнэ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Амбан захирагч аа,

Энд хүрэлцэн ирсэн хэвлэлийн төлөөлөгчид өө,

Австрали анд нөхдөө,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч, Эрхэм хүндэт Саманта Мостин Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Амбан захирагч Билл Хэйдений 1994 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаас хойш 30 гаруй жилийн дараа болж байгаа энэ төрийн айлчлал нь харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн онцгой ач холбогдолтой, түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.

Австрали Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь дотнын түнш, ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед манай улсыг тууштай дэмжиж ирсэн хөгжлийн түнш юм.

Ардчилал, эрх чөлөө, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа нь манай хоёр орны хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тогтвортой хөгжиж, эдүгээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, уул уурхай, боловсрол, соёл зэрэг салбарт өргөжин тэлсээр байна.

Эрхэм хүндэт Амбан захирагч Тантай хийсэн албан ёсны уулзалтаар манай хоёр орны хагас зуун жилийн түүхэн харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, хэтийн төлөв, цар хүрээ, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсноос гадна харилцааны түвшнийг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-д хүргэж байгаадаа баяртай байна.

Бид улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Оюу Толгой” төсөл, “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” нь Монголын уул уурхайн эрх зүйн орчин, бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, бизнесийн үйл ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Манай хоёр улс бэлчээрийн болон фермийн мал аж ахуй эрхэлдгийн хувьд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг даван туулж, шийдвэрлэх нь бидний нийтлэг зорилт гэдэгт санал нэгдлээ.

Бэлчээрийн менежментийг сайжруулах, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төвтэй дахин хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна.

Иргэд хоорондын хэлхээ холбоо жилээс жилд батжин бэхжиж, харилцан солилцоо улам нэмэгдэж буйтай холбогдуулан иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулахаар тохиролцсон билээ.

Энэ хэлэлцээрийн хүрээнд Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Австрали Улсад сурч, ажиллаж, амьдарч буй 20 гаруй мянган монгол иргэн хоёр орны найрамдалт харилцаа, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийн гүүр болж байгааг онцлон тэмдэглэе.

Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн баталгааг хангах зорилгоор Монгол, Австралийн Засгийн газар “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээ идэвхтэй өрнүүлж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд олон зуун монгол залуус Австралийн тэргүүлэх их сургуулиудад суралцаж, хоёр орны хөгжлийн гүүр болж байна.

Австралийн Засгийн газраас хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөр нь манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байгаад бид бүхэн баяртай байдаг.

Цаашид Австралид суралцах монгол залуусын тоог нэмэгдүүлэх нь харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Цаашид Австралийн Засгийн газрын тэтгэлэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийг уялдуулж, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улс англи хэлийг үндсэн гадаад хэл болгон баталсантай холбогдуулан Австралийн сайн дурын багш нарыг Монгол Улсад ажиллуулах, салбарын мэргэжилтнүүдийн англи хэлний чадавхыг дээшлүүлэх богино, дунд хугацааны сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бататган бэхжүүлж, сэтгэл зүрхээрээ холбогдох чухал гүүр бол соёл, урлаг, спортын хамтын ажиллагаа билээ.

Иймээс хоёр орны ард түмний зан заншил, соёл, өв уламжлалыг харилцан сурталчлах зорилгоор соёлын солилцоог идэвхжүүлж, Соёлын өдрүүд, урлагийн тоглолт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг харилцан тогтмол зохион байгуулж байхаар боллоо.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулан хамгаалах зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон тив” хэмээн нэрлэгддэг Австрали Улстай технологи дамжуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

Монгол Улс гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш Австрали Улстай харилцан ашигтай, тогтвортой хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн нэг хэмээн тууштай баримталж ирсэн бөгөөд энэ зарчмаа цаашид ч баримтална гэдгийг тэмдэглэе.

Энэхүү айлчлалаар бидний хэлэлцэж, тохиролцсон ажлууд Монгол, Австралийн хөгжил цэцэглэлт, ард түмнүүд хоорондын найрамдал нөхөрлөл, сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

Эрхэм хүндэт Амбан захирагч Таныг өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН АМБАН ЗАХИРАГЧ САМАНТА МОСТИН:

 Өглөөний мэнд,

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Хэвлэлийн төлөөлөгчид өө,

Монгол Улсад айлчлах нэн хүндтэй завшаан тохиосонд баяртай байна. Халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Танд  баярлалаа. Монголын найрсаг ард түмний зочломтгой сэтгэлд гүн талархал илэрхийлье.

Би Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд хоёр дахь удаагаа айлчилж байна. Өмнө нь буюу 30 гаруй жилийн тэртээ Амбан захирагч Билл Хэйден Монгол Улсад айлчилж байсан юм.

Монголын гуравдагч хөрш болох Австралийн Холбооны Улсаас хийж байгаа миний айлчлал бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн ижил зүйлстэй манай хоёр ардчилсан орны олон жилийн турш бэхэжсэн харилцааны илэрхийлэл юм.

Манай хоёр орны харилцаа хэдэн арван жилийн турш иргэд хооронд тогтсон хэлхээ холбоонд үндэслэдэг.

Бид манай улсад амьдарч байгаа монгол иргэдээр их бахархдаг.

Австралиас олон жуулчин, соёл, урлаг, бизнесийнхэн Монголд ирдэг. Айлчлалынхаа үеэр тэд нартай уулзана гэж найдаж байна.

Цаашдаа улам олон австрали иргэнийг Монголд ирж, энэ үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, ардчилсан улс орныг үзээсэй гэж хүсэж байна.

Манай хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа 1994 онд эхлэхэд зоригт зургаан монгол оюутан манай тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Австралийг зорьсон юм.

Эдүгээ манай улсад суралцах монгол оюутны тоо хэдэн мянгаар тоологдож байгаа. Тэд буцаж ирээд эх орондоо их хувь нэмрээ оруулж байна.

Австрали дахь монголчууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж байгаа.

Бид эрдэс баялаг, эрчим хүчний салбарын талаар мэдэх хүсэлтэй байна. Манай олон аж ахуйн нэгж дээрх салбаруудад хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байгаа.

Монгол Улстай хөгжүүлж байгаа манай түншлэл эдийн засгийн хөгжил, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа эмэгтэйчүүдэд боломж олгоход чухал хувь нэмэр оруулж, өгөөжөө өгч байна.

Манай хоёр улс эрс тэс, өвөрмөц байгальтай учир уур амьсгалын өөрчлөлтийн ижил сорилттой тулгардаг. Айлчлалын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сөрөн тэсвэрлэх чадвараа хөгжүүлж байгаа эмэгтэйчүүд, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж байгаа залуустай уулзахаар төлөвлөсөн.

Мөн дэлхийд алдартай Монголын хөдөө аж ахуйн салбар хэрхэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож байгааг мэдэх хүсэлтэй байгаа.

Айлчлалын үеэр Монголын соёл, өв уламжлал, ард иргэд, үзэсгэлэнт сайхан байгальтай танилцах завшаан тохиож байгаад баяртай байна.

Энэ удаагийн айлчлал хоёр орны нөхөрсөг харилцааг улам гүнзгийрүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны суурийг тавина гэдэгт итгэж байна.

Халуун дотно, найрсгаар угтан авсанд дахин талархал илэрхийлье.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн