ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд дараах асуудлыг тусгажээ. Үүнд,
1991-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж батлах үед Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэн нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцоолж, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан. Харин өнөөдөр нэг гишүүн дунджаар 44.7 мянган иргэнийг төлөөлөх болсон. Ингэснээр нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, парламентын төлөөлөх чадамжийг бууруулж байна. Цөөн гишүүнтэй парламентуудын хувьд хууль тогтоомж цөөн гишүүний саналаар батлагдах, нэг гишүүнд эрх мэдэл төвлөрөх, зүй бус нөлөөлөл орох, хуулийн биелэлтэд тавих хяналт сулрах зэрэг эрсдэл үүсдэг. Парламентын засаглалтай олон улсад парламент нь дунджаар 150-иас доошгүй гишүүнтэй байдаг нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангахад үр нөлөөтэй гэж хууль санаачлагчид үзэж буй.
Мажоритар сонгуулийн тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэх нь сонгогчдын санал бага гээгдэх, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай гэв.