Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах статистикийг Хууль зүйн сайд танилцуулав.
Сайд Х.Нямбаатар "2022 онд яг гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу газар дээрээ баривчлагдсан хүмүүс нийт баривчлагдсан хүний 7%-ийг эзэлж байна.
Айлын гэрт ороод хулгай хийж байсан, бэлгийн эрх, эрх чөлөөнд халдсан, хүнийг санаатай алсан энэ тохиолдлууд нийт баривчлагдсан тохиолдлын долоон хувь байжээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч тухайн этгээдийг шууд таньсан нь нийт баривчлагдсан хүмүүсийн 25.6%. Өөрөөр хэлбэл, энэ хүн намайг зодсон, хүчирхийлсэн, манай гэрээс хулгай хийсэн хүн байна гэдгийг гэрч, хохирогч шууд таньсан үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан нийт хүний 25.% байна.
Одоо АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд байгаа хэрэг 850 байна. Хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдлын дийлэнх нь АТГ-аас мөрдөн шалгаж байгаа хэргүүд. Эд мөрийн баримт устгах, нуух нөхцөл байдал үүсэж болзошгүй гэдэг үндэслэлээр баривчилгааг зохион байгуулжээ.
Энэ оны байдлаар нийт 13,600 орчим эрүүгийн хэргийг шалгаж байна. Үүнээс 447 хүнийг баривчилжээ. Шүүхийн зөвшөөрөлтэйгөөр 14 хүнийг баривчилсан байгаа нь нийт гэмт хэргийн 3.2% болж байгаа юм. Цаашид энэ талаарх мэдээллийг сар бүр хүргэж байя.
Эрүүгийн шалгах ажиллагааг боловсронгуй болгохын тулд таван арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байгаа.
Жижүүрийн шүүхтэй болох, цагдан хорилгүйгээр бугуйвч зүүлгэж хэргийг шалгах, ХУРДАН системийг ашиглан цахим лавлагаагаар хэргийн нотлох баримтуудыг бүрдүүлдэг болох, хөрөнгө оруулалт хийж байгаа бизнесийн байгууллагуудын захирлыг шалгахдаа байгууллагын үйл ажиллагааг нь цуг зогсоодгийг болиулна. Гагцхүү хэрэгт холбогдсон албан тушаалтан, өмчлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч байхаар дэвшил гаргана.
Хүний эрхийг хангах чиглэлээр хууль сахиулах байгууллагуудад шинэчлэл дэвшил хийж буйгаа нийтэд мэдээлнэ. Бид хандлагаа өөрчилье гэж шийдсэн.
Хууль сахиулагчид иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өөрсдийгөө үл огоорч явдгийг ойлгож хүндэтгэлтэй харьцацгаая. Хүндлэл дундаас хүндлэл бүрддэг.
Ирэх онд тайлагнагдах илтгэлд Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний үзүүлэлтүүд өссөн байх болно гэдгийг хуульзүйн сайдын хувьд хэлэх байна" хэмээн танилцууллаа.
Тэрбээр "Эрүүдэн шүүх гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгасан" гэдгийг нэмж хэлэв.