Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ болон Монголын дугуйн холбоо хамтран “Морь хурдан уу, дугуй хурдан уу” нэртэй уулын дугуйн уламжлалт тэмцээнийг тавдугаар сарын 13-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, Монголын дугуйн холбооны төлөөллүүд уулзаж, уралдааны зарим нөхцөлийг хэлэлцлээ.
Тамирчдын аюулгүй байдлыг харгалзан хамгийн аюулгүй, дугуйчдад тохиромжтой замтай учраас Хүй долоо худагт тус тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд тамирчид нийт 25 км замыг туулан барианд орох юм.
Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ нь дугуйн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүрээнд Монголын дугуйн холбоотой 2014 оноос хойш хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж буй юм. Монголын дугуйн холбоо 1959 онд байгууллагдсан бөгөөд өдгөө 10,000 гишүүн 17 салбар хороо, 40 клубтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жил тус холбооноос 36 тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Монгол Наадам Цогцолбор ОНӨТҮГ